Шинэ жилийн баяраар хүүхэд бүр өвлийн өвөөгөөс бэлэг авахыг хүсэж, догдолдог. Тэдний энэ нандин хүслийг биелүүлэхийн тулд хүн бүр бэлэгний эрэлд гарч байна.
Жил бүрийн энэ үед мэргэжлийн байгууллагаас хүүхдэд сахарын агууламж багатай бэлэг сонгож, өгөхийг зөвлөдөг билээ.
Гэтэл одоо гадуур худалдаалагдаж байгаа бэлгийн багцуудын дийлэнх нь сахарын агууламж маш өндөр бүтээгдэхүүнээс бүрдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 грамм, насанд хүрсэн хүн 25 гр сахар хэрэглэх нь зохимжтой гэж заасан байдаг.
Гэтэл гадуур худалдаанд байгаа багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь насанд хүрсэн хүний сахарын хэрэглээнээс 16 дахин, хүүхдийн сахарын хэрэглээнээс 80 дахин их хэмжээтэй байна.
Тухайлбал, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзаж, хүүхдийн оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом, хэрэгцээтэй эд зүйл бэлэглээрэй.
Хэрэв Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )