Ууттай бэлэг урагшгүй сонголт болов уу!

2022 оны 12 сарын 29

Шинэ он хаяанд ирж хүүхэд  бүрийн хүслийн өдөр айсуй. Энэ үеэр томчууд хүүхдүүдээ баярлуулахыг зорьж элдэв чихэр жимсээр сэтгэлийг нь аргацаадаг болоод удаж. Гэтэл бидний сонгож буй бэлэг чанарын шаардлага хангаж буй нь аль эртнээс  эргэлзээтэй явж ирсэн. Түүнд тавих хяналт ч сул. Тухайлбал хаяг, шошго гарал үүсэл нь  тодорхойгүй бүтээгдэхүүн худалдаалах, цаашлаад хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хүүхдийн бэлгэнд боон борлуулах болж. Иймд зах худалдааны төвүүдээр явж хүүхдийн бэлэгний чанар болоод хугацаа, үнийн талаар сурважилсан юм.


 

УУТТАЙ БЭЛГЭНД ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН БООСОН БАЙВ

 

Түм түжигнэж, бум бужигнасан захуудын нэг бол Хар хорин худалдааны төв. Энэ захын үүдээр ормогц чихэр, печений тасаг бүрд 4-5 хүн дугаарлан зогсох аж. Анхаарал татахуйц хүүхэлдэйн баатрын зураг чимэглэл бүхий ууттай бэлэг лангуунд өрөөстэй байх бөгөөд худалдан авагчдын харааг булаана. Хамгийн эхний эгнээнд байх лангууны бэлгийг сонирхоход "Хаан чипс", резинэн чихэр, попкорн, шоколад, мой семья жижиг жүүс зэргийг савласан ууттай бэлэг 8000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Худалдагчаас бүх  бэлэгний үнийг асуухад “6-30 мянган төгрөгийн хооронд ханштай байна” гэлээ. Хамгийн ихдээ 30 мянган төгрөгний үнэтэй бэлгэнд том савлагаатай жигнэмэг солонгос чипс, нэг литрийн жүүс, цэлцэгнүүр гээд үнэндээ хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн нэг ч алга.

Дараах лангууны ойролцоо очиход  цэнхэр торонд хийсэн Растишка брендийн бэлэг 27-35 мянган төгрөгөөр худалдаалж байх нь тэр. Тухайн бэлгэнд нухаш, ундаа иогурт, буддаг ном зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Гэвч үүнийг сонирхох хүн ховор. Учир нь хүмүүс эко бэлэг гэхээс илүүтэй төсөвтөө багтаан хямд бэлэг сураглаж харагдана. Энэ үеэр хөдөө орон нутгаас ач нарынхаа бэлгийг базаах гэж ирсэн гэх өвөөтэй хуучилсан нь тэр. Түүний хувьд Ар хангай аймгаас ирсэн бөгөөд зургаан ачдаа тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө бэлэг авах гэж яваа аж. Ууттай бэлэг чихэрлэг бүтээгдэхүүн ихтэй учир өөрөө бэлэг сонгон  ууталж боох зорилгоор жигнэмэг, чихмэл тоглоом, жижиг машин зэрэг зүйл сонирхож байгаагаа хэллээ.

Тэрбээр нэг ачдаа 15 мянган төгрөгийн бэлэг бэлдэхээр төлөвлөжээ. Бэлэг сонирхох хүмүүсийн ихэнх нь ууттай бэлгийг сонгож харагдана. Тэрбээр хамгийн бага дүнтэй буюу 6000 төгрөгийн бэлгийг олноор авдаг аж. Тэдний зарим ууттай бэлэгний чанарын талаар хэлэхдээ” Савлагаатай бэлэг чихрийн агууламж өндөртэй хэд хэдэн бүтээгдэхүүн багтсаныг онцолсон юм.

Ямартай ч багачуудынхаа бэлгийг бэлдэхээр Хар хорин захыг зорьсон хүмүүс бэлэг хямд байгаа ч шим тэжээлгүй хүнсийг нэг уутанд  хэт олноор хийсэнд дурамжхан байв. Үнийн хувьд хямд ч гэлээ чанарыг эрхэмлэдэг байх хэрэгтэй гэх нэгэн ч байлаа. Үүний дараа Барс худалдааны төвөөр ороход мөн л хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд  хүүхдийн бэлэгний үнэ харилцан адилгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, 3500-27000 төгрөгийн үнэтэй бэлэг худалдаалж байлаа. Хүүхдийн бэлгийг сонгохдоо хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа зэрэгт нэн түрүүнд анхаарах нь зүйтэй. Тэр дундаа баяр ёслолтой давхцан зах худалдааны төвүүдэд энэ төрлийн зөрчил нэлээд илэрдэгийг албаныхан удаа дараа сануулж байсан удаатай.

 

НЭГ УУТ БЭЛГЭНД САХАР БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНЭЭС 16 ДАХИН ИХ АГУУЛАГДДАГ БАЙНА

 

Баяр ёслол дөхсөн энэ өдрүүдэд гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулах тохиолдол эрс нэмэгддэг. Үүний нэгэн жишээг дурдъя. Шинэ жилийн бэлэг хүн бүрийн сонголт болсон эрэлт ихэссэн энэ үед Барс худалдааны төвд "Хаан чипс" болон жижиг савлагаатай жүүсний он сар зөрчилтэй байх бөгөөд хүүхдийн бэлгэнд оруулан боосон харагдана.

Тухайлбал, 6000 төгрөгний бэлгэнд байх "Хаан чипс"-ний хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд дууссан байсныг бэлгэнд боон борлуулж байх жишээний. Энэ мэт нэгээр зогсохгүй хэд хэдэн зөрчил олж харлаа. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдгийн адил ашиг олохын төлөө бусдыг аргалах зорилгоор хугацаа дууссан буюу дуусах дөхсөн бүтээгдэхүүнээ багачуудын бэлгэнд шахсан байх юм.

Худалдаачид  баяр ёслолын сиймхийгээр худалдан авагчдаа хохироосон олон тохиолдол бий. Үүний нэг нь хүүхдийн баяр болон шинэ жилийн баяраар ууттай бэлгэнд хугацаа нь дууссан болон зөрчилтэй гэх бүтээгдэхүүнээ боож худалдаалдаг нь тэдний башир арга. Шинэ он гарах дөхсөн энэ үед та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл бүрэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авах нь нэн чухал юм.

Тэгвэл хүүхдэд чимээгүй хор болохуйц энэ мэт  бүтээгдэхүүнд холбогдох байгууллагууд хэрхэн хяналт тавьж байгааг тодруулсан юм.

ШӨХТГ-аас “Баяр ёслолтой холбогдуулан дэлгүүр, худалдааны төвүүдээр хяналт шалгалт хийж байгаа. Одоогоор манайд иргэдийн зүгээс ирсэн гомдол, зөрчил алга” гэв. Харин  НМХГ-аас  сүүлд өгсөн мэдээлэлдээ шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийсэн талаараа дурджээ. Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулсан аж.

Мөн урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулан ажиллажээ.

Хүүхэддээ уут дүүрэн амттантай бэлэг худалдан авч байгаа бол уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүн бүрийн хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал алдагдсан эсэхийг харах хэрэгтэй аж. Мөн орц найрлага зэрэгтэй сайтар танилцах хэрэгтэй билээ.Таны хүүхэд эрүүл байх эсэх танаас шалтгаалах болсон цаг. Иймд хүүхдийнхээ бэлэгний сонголтыг хийхдээ аль болох эрүүл мэндэд нь ашиг тустай бүтээгдэхүүн сонгох боломж асран хамгаалагчдад бий. Хүүхдийг заавал амттанаар аргацаах биш нас бие сэтгэхүйд тохирсон ном сэтгүүл, тоглоом зэрэг ашигтай бэлэг бэлэглэхийг илүүд үзэх нь зүйтэй.

Учир нь зах худалдааны төвүүдээр худалдаалж буй нэг уут бэлгэнд нэг ширхэг жүүс, нэг ширхэг жигнэмэг, гурван төрлийн чихэр, шоколад зэрэг зургаагаас дээш ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг аж. Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх нэг уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг байна. Энэ мэт хор хөнөөлийн тоочвол мундахгүй их. Иймээс ууттай бэлэг урагшгүй сонголт болж гэдгийг хэлье.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top