Нийслэлийн төв талбайд жил бүр шинэ оныг угтан мөсөн гулгуурын талбай байгуулж тохижуулдаг. Улирлын амралт нь эхэлсэн хүүхэд багачууд хөөрч догдлон тус талбайд гулгахаар найз нөхдөө дагуулан ирдэг. Мөн амарч буй өдрөө бяцхан үрсээ салхилуулж, тоглуулах гэсэн эцэг эхчүүд ч мөсөн гулгуурыг зорьдог юм.
Гэтэл мөсөн гулгуурын ханан дээр томоос том хэмжээтэй хар бэхээр “Уух бол бүү залгаарай”, “Хүлээх хүнтэй” гэх мэт үг бичсэн байлаа. Энэ нь мэдээж олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Учир нь дээрх үгс нь ЦЕГ-аас зохион байгуулж буй “Намайг алгас” аяны уриа үг билээ.
Тус аян нь архины зохистой хэрэглээг бууруулж нийгмийг соён гэгээрүүлэн архидан согтуурсан үедээ үйлдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор хэрэгжсэн. Гэвч хүүхэд, өсвөр үеийнхэн ирж гулгадаг, гэр бүлээрээ дурсгалын зураг татуулах гэж зорьдог Төв талбайн мөсөн гулгуурын ханан дээр эдгээр үгс илүү. Ёстой л эсгий хийх газар нохой хэрэггүй гэсэн хэлц үг энэ явдалд яг тохирно.
Харин энэ талаарх шүүмж цахим орчинд хэдхэн цаг түгсэн даруй цагдаагаас тус үгсийг арилгачихсан байлаа. Бичих гэж цаг гарган ажил болгосонтой адил арилгахад бас л гэмгүй хэн нэгнийг дайчилсан байж таарна. Төрийн байгууллагууд анхнаасаа ажлаа хянуур хийж бусдад төвөг удаж нийтийн бухимдал үүсгэхгүй байвал. Цахим сүлжээн дэх хандалт, бичсэн сэтгэгдлээр ажлаа хийхээс ичих хэрэгтэй биз ээ. Ирэх онд ийм алдаа цөөн гаргах болтугай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )