ЗӨВЛӨГӨӨ: Бялуу бол хордлого авах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн

2022 оны 12 сарын 30

Хэдхэн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ оноо угтах хором мөч ирэх гэж байна. Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр болохоор тэр үү? Шинэ оны өмнөх амрах боломжтой ганц өдөр болоод ч тэр үү? Хүн бүр шинэ жилийн баярын бэлтгэлээ хийж байгаа бололтой хотын хөдөлгөөн нилээн их байна. Тэр тусмаа хүн бүр нэг нэг хайрцагтай бялуу авч явж байгаагаас харахад жилд ганцхан тохиох энэ баярын ширээн дээр залрах хамгийн гол амттан нь бялуу болж таарах нь ээ.

Өнгөрсөн жилийн хувьд бялуу эрэлт их байснаас шалтгаалан зарим хүмүүс шинэ оноо бялуугүй угтахгүйн тулд гадаа хүйтэнд уртаас урт оочер үүсгэж байж бялуугаа авч байсан. Тэгвэл энэ жил хил гаалийн асуудал харьцангуй багасаж, бялууны түүхий эд, материал хангалттай байгаа болоод ч тэр үү, бүх үйлдвэр, жижиг цехүүд бялуу хийж байна. хувиараа бялуу хийдэг хүмүүсийн захиалга хүртэл дүүрчихсэн байгаа сурагтай.

Тэгвэл шинэ жилийн баярын хамгийн гол амттан болох бялууг дээрх хүмүүс яг ямар орчинд хийж байгаа бол гэдэг асуулт сүүлийн үед нилээн сонирхол татах боллоо. Учир нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд бялуутай холбоотой олон хэцүү мэдээлэл хөвөрч байсныг та бүхэн мэднэ. Жишээ дурдвал: Зарим үйлдвэрлэгч хугацаа дууссан бялууныхаа гадна талын кремийг хусч, дахин худалдаанд гаргадаг гэнэ. Зарим нь хугацаа нь дууссан бялууныхаа кексийг ашиглан нарийн боов хийдэг ч гэх шиг, тэр битгий хэл зарим бялуунаас хөгц амтагдаад онцгүй болсон гэх мэт олон гомдол сошиал орчинд хөвөрч байсан билээ.

Аливаа баяр ёслолын үеэр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин илүү ирдэг байна. Учир нь манайхан ихэнхдээ өөрсдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүний он сар, хадгалах горим, ямар орчинд хийсэн бэ? гэдгийг огт шалгахгүйгээр авч, дараа нь өөрсдийн эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл их бий. Тэр тусмаа шинэ жилийн баярын ширээний гол амттан болох бялуун дээр онцгойлон анхаарах ёстой.

Иймээс та бялуу авах гэж байгаа бол дараах асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Таны худалдан авсан баярын бялуу үнэхээр итгэл даахуйц орчинд үйлдвэрлэсэн үү?

Хүнсний аюулгүй байдлын стандартыг өдөр тутмын үйлдвэрлэлдээ нэвтрүүлж хэвшсэн үйлдвэр мөн үү?

Авах гэж байгаа бялуу үнэхээр чанартай түүхий эдээр хийгдсэн үү?

Эдгээр асуултад үнэхээр асуудалгүй хариулж чадаж байгаа бол сонгосон бялуугаа шууд ав гэж зөвлөмөөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top