Н.Эрдэнэхүү: Hэг хүн өдөрт 5-6 хайрцаг тамхиар амьсгалж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

“Нүүрснээс гардаг хүхрийн исэл элэгний хавдар үүсгэдэг болох нь нотлогдсон” талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү мэдээлсэн. Тэгвэл түүнээс агаарын бохирдлоос болж үүссэн өвчлөлийн талаар тодрууллаа.


-Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж байна вэ?

-“Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж байна вэ” гэдэг судалгаа олон улсад маш эрчимтэй хийгдсэн. Тэдгээр тоо баримтуудыг шийдвэр гаргагч нар ажилдаа хэрэглэдэг болсон. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар асар их нөлөөлж байдаг.

Удаан хугацаанд агаарын бохирдолтой орчинд амьдрах нь амьсгалын зам болон зүрх судасны өвчтэй болох суурь эрсдэлийг бий болгодог. Үүнээс гадна эсийн түвшинд мутац үүсэж, аажимдаа хорт хавдартай болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Гэнэт зүрх хаагдах, тархинд цус харвах зэрэг нь үүний цочмог илрэл. 2017 оноос хойш буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн. Манай улсын судлаачид болон Франц, Испани, Сингапурын их сургууль, Нью-Йорк дахь судалгааны байгууллагын судлаачид дээрх чиглэлээр судалсан. Үүнд гадаад, дотоодын судалгааны 14 байгууллага оролцсон. Бусад улс орны элэгний эсийн геномийг манайхтай харьцуулж харвал хоорондоо ялгаа байна.

Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орны иргэдэд байхгүй хоёр төрлийн элэгний хавдрын шинэ мутац илэрсэн. Монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн гэсэн үг. Утаанаас үүдэлтэй хор нөлөө нь иргэдийн амьдрах хугацаанд ч нөлөөлж болзошгүй. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутац үүсгэх өндөр эрсдэлтэй. Тус элэгний эсийн хавдар нь монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн бөгөөд утаанаас үүдэлтэй, бусад улс орнуудад байдаггүй хавдар байна гэж тодорхойлсон.

-Зүрх судас болон амьсгалын замын өвчлөлийн тухайд?

-Агаарын бохирдол нь метр куб-д 10-аар ихсэх бүрд зүрх судас, амьсгалын өвчний үхэл болон түүнтэй холбоотой өвчлөл 6-7 дахин нэмэгдэж байдаг. Гэтэл бид түүнээс хэд дахин их болчихсон орчинд амьдарч байгаа. Үүндээ бид дасан зохицоод, дархлаа тогтож байгаа гэж ойлгоод байдаг. Гэвч улам өвчлөмтгий болж, оюун ухаан болон бие махбодыг доройтолд орж байна. ХСҮТ-ийн хийсэн судалгаагаар зөвхөн элэгний эсийн хавдрыг судалж үр дүнгээ танилцуулсан юм. Гэхдээ бусад хавдруудад агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа нь үнэн.

-Тэгвэл агаарын бохирдлын улмаас өвчилсөн тохиолдлуудыг хэрхэн эмчилж байна вэ?

-Эмч бол түр зуурын шинж тэмдгийн эмчилгээг л эмчилнэ. Улс орноороо л агаарын бохирдолгүй болох нь хамгийн том эмчилгээ. Агаарын бохирдолгүй болсон тохиолдолд энэ “хор” бидний биеэс удаан хугацаанд аажмаар байхгүй болно. Хор гэдэг нь агаарын бохирдолд байгаа элементүүд юм. Эдгээр элементүүд хүний биед өөр өөрөөр нөлөөлж байгаа.

-Агаарын бохирдлоос болж жилд хэчнээн хүн нас бардаг вэ?

-Миний бие 2011 онд судалгаа хийж байсан. Тодруулбал, шөнийн цахилгаанд хөнгөлөлт үзүүлэх үед жилд 550 мянган тонн нүүрсийг шатаалгүй хэмнэсэн. Улмаар нүүрс шатаах процесс багассанаар нийт нас баралтыг 14.7-17.5 дахин бууруулах боломжтой хэмээх үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний үхэл утаанаас үүдэлтэй бий болоод байна гэсэн үг. Бидэнд утаанаас үүдэлтэй үхлээс зайлсхийх боломж байсан.

-Мэргэжлийн хүний зүгээс иргэддээ хандаж ямар зөвлөгөө хүргэх вэ. Жишээлбэл, утааны хорыг тайлахын тулд сүү уух хэрэгтэй гэдэг?

-Сүү ууснаар утааны хор хүний биеэс бүрэн гадагшлахгүй. Нийслэлд хүн бүр өдөрт 5-6 хайрцаг тамхи татсантай тэнцэх тийм их хорт агаараар амьсгалж байна. Тиймээс монголд өвлийн улиралд нийслэлчүүд өдөр бүр тамхи татаж байна гэсэн үг. Иймээс иргэд агаарын бохирдолгүй орчин руу шилжиж амьдрах хэрэгтэй. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах нөлөөлөл маш бага. Харин бодлого гаргагч, төр төлөөлж буй хүмүүс утааны эсрэг хамтын цогц арга хэмжээ ажиллагаа авахгүй бол Монгол Улс генийн түвшинд доройтолд орох эрсдэлтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top