ОЛОН ӨНГӨ: Зөвхөн зөв хүмүүсээр хүрээлүүлнэ гэж ярьдаг хүмүүсийг бурхан өршөөг

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Надад хоёр төрлийн найз байна. Нэг нь уулзах болгондоо урам зориг, ухаарал, эрч хүч мэдрүүлнэ. Амнаас нь урсаж буй үг бүр нь бэлгэ дэмбэрэлтэй, дандаа л сайн сайхан зүйл санаж сэдэх. Түүнийхээр бол амьдрал алдаа оноо, баяр гунигтайгаа хамт бүгд л амттай гэнэ. Богинохон олдох энэ л цаг хугацааг болж л өгвөл хайраар дүүргэ. Бусдад бүү гомд. Бас бүү муу сана. Чамд гэм хийсэн байсан ч буруугаар битгий бод. Ер нь бодол биелэлээ олдогт итгэ. Болж өгвөл дотроосоо гэрэлт гэх зэргээр сургаал айлдана. Аливаад хандах хандлага нь угаасаа ч тийм хүн.

Харин нөгөө найз маань өөр. Бүр тэс өөр. Санаанд нийцээгүй, санал зөрөлдсөн хүнтэйгээ ам муруйх цаашаа. Бараг л зодоон хийх нь халгүй. Болж өгвөл бусдыг өөрийнхөөрөө байлгахыг бодно. Болохгүй бол муу хэлнэ. Уурлаж, уцаарлана. Хааяа нэг уулзахаар бөөн бэрхшээлтэй тулж, будлиан хутгаснаа гайхна. Түүнийхээр бол амьдрал асаж дүрэлзэх гал л гэсэн үг. Галыг өдөөхийн тулд тос нэмээд ч болов дүрэлзүүлэх хэрэгтэй. Бүх зүйл тэмцэл. Тэмцэж чадсан нь тэсэж үлдэнэ гэх.

Хоёр өөр өнгө, хоёр өөр араншин, хоёр өөр ертөнцтэй найзууд маань аль, аль нь надад үнэ цэнэтэй. Гал шиг асдаг найз надад байхгүй бол амьдрал минь дэндүү гунигтай. Дулаахан хайр, зөөлөн сэтгэлтэй найз надад үгүй бол амьдрал минь дэндүү хатуудна. Хар цагаан, хатуу зөөлөн хосолж байж л хорвоогийн сайхныг мэдэрдэг нь жам. Өөрийгөө эерэг бүхнээр хүрээлүүлнэ хэмээн зарим хүн зарлан тунхагладаг байдлыг ойлгоход бэрх. Олон өнгө сүлэлдсэн амьдрал онцгой сайхан санагддаг. Амьдралаас мэдэрч, авч болох бүхнээ сайн, муу аль алинаас нь авах шиг сайхан зүйл гэж хаана байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top