Нийгмээрээ бид улс төр ярьж, нийтээрээ бухимдаж суугаа энэ цаг дор монголчуудын дунд “чимээгүй тахал” газар авсаар байна. Яг л өрөмний өт шиг өсөн нэмэгдэж, хүн амын дунд тархаж буй тэр тахал бол бэлгийн замын халдварт өвчин. Тэр дундаа тэмбүү өвчин.
Та бод доо. Өнгөрөгч 2022 онд л гэхэд тэмбүүгээр 4144 хүн өвчилжээ. Мөн ХДХВ буюу ДОХ-ын 19 тохиолдол илэрсэн байна. Ингэснээр манай улсад ДОХ өвчнөөр өвчилсөн хүний тоо 346 болжээ. Энэ бол гамшиг. Гамшиг гэж яагаад тодотгох болсны ганцхан баримтыг дурдъя.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний дунд бэлгийн замаар дамжих халдварын өвчлөл тэргүүлэх байрыг эзэлжээ. Юун ковид. Юун амьсгалын замын халдварт өвчин. Чив чимээгүйгээр хүн амын дунд хэрэн хэсүүчилж, жилд хэдэн мянган хүн өвчлөх болсон бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад хувь хүний хариуцлагаас эхлээд эрүүл мэндийн яамны бодлогын хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүү өвчнөөр өвчлөх ургийн тоо нэмэгджээ. Энэ бол ноцтой асуудал. Засгийн газраас 2017-2021 онд хэрэгжүүлэхээр баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх, хянах үйл ажиллагааг тусгасан байдаг.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, бэлгийн замаар дамжих халдвар, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр “Тэмбүүг устгая” гурван жилийн үйл ажиллагааг тус яамнаас 2019 оны долоодугаар сараас улс орон даяар эхлүүлсэн.
Хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амыг халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, энэ хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая хүнд тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж 11.4 мянган шинэ тохиолдлыг илрүүлсэн байна. Энэ дундаа сүүлийн нэг жилийн хугацаанд дөрвөн мянга гаруй хүн тэмбүүгээр өвчилсөн нь тогтоогджээ. Энэ бол эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгүүлсэн хүний тоо. Харин үүний цаана илрээгүй хэчнээн мянган хүн халдвар тарааж явааг хэлэхэд бэрх.
Бэлгийн замын халдварт өвчний талаар мэргэжлийн эмч “Ихэнх өвчтөн өвчнөө хүндрүүлээд, мэргэжлийн бус газруудаар яваад, аргаа бараад эмнэлэгт хандаж байна. Мөн эмчлүүлсэн хүн дахин дахин халдвар авч ирэх тохиолдол ч байна. Өмнө нь халдвар авсан хүн урьд нь халдвар авахдаа ууж байсан эмээ дур мэдэн хэрэглэж байна. Гэтэл эмчилгээ шинэчлэгдээд, хоёр дахь халдвар дээр эмчилгээ өөр болсон байдаг. Энэ мэтчилэнгээр өвчнөө эмчлэхгүй, хүндрүүлээд байна. Тиймээс дураараа, өөрөө эмчлэх гэж бүү оролд. Мэргэжлийн эмчид хандаад, хяналтад эмчлүүлэх шаардлагатай байна” хэмээн учирлаж байна. Нэг зүйлийг онцлоход, бэлгийн замын халдварт өвчин бол амьсгалын замын өвчин шиг тархахгүй. Зуун хувь хүний хариуцлагын асуудал. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг бодсон ч тэр, үр хүүхдээ бодсон ч энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Бэлгийн замын халдварт өвчний эмчилгээ болон илрүүлэлтийн талаар тулгамдаж буй асуудлын талаар мэргэжилтнүүд дараах тайлбарыг өгч байна. Өдгөө “Бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ судлалын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан, тус төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх чухал. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад сум, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын идэвхтэй оролцоог хангаж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, бэлгийн эрүүл мэндийн чиглэлээр өсвөр үе, залуучуудад зөв мэдлэг, хандлага, дадлыг төлөвшүүлэхэд боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, бусад салбарын хэмжээнд “Ажлын байран дахь БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэ, гепатитын вирусийн халдвараас сэргийлэх цогц хөтөлбөр” хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах шаардлагатай” байгааг салбарынхан анхааруулж байна.
Тэмбүү болон бэлгийн замын халдварт өвчин бол монголчуудын өмнө тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Магадгүй зарим нэгэн нь энэ бол надад хамаагүй бусдын асуудал гэж бодож болно. Мөн нийгмийн хөндөх сэдвийн хэмжээний зүйл биш гэж бодож болох. Гэхдээ энэ бол эндүүрэл. Хүмүүс залуу байхдаа халдвар авчихаад олон шалтгаанаас болж оношлуулж эмчлүүлэхгүй явснаас, мөн дур мэдэн эмчилгээ хийснээс өвчин архаг байдалд шилжилж гуурсан хоолойн үрэвсэл үүсгэж, улмаар үргүйдэж байгааг ч эмч нар анхааруулж байна. Үүнээс үзвэл манай улсын хүн амын тоо өсөхөд ч энэ төрлийн өвчлөл том аюул заналхийлэл буй болгож байна. Иймээс л халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчнөөс онцгой сэргийлэх шаардлагатай байгаа юм. Монголчууд бид ийм чимээгүй тахалд нэрвэгдэж байгаагаа мэдэх цаг нь нэгэнт болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс ямар насны ямар амьдралтай ямар боловсролтой хүмүүс байгааг сайн судалж ангилж байж эмчилгээ хийх эсхүл процедурыг нь сайн хэлж өгөөд гэрээрээ эмчлээд үе үе эмчид шалгуулж байх журам баримтлах.Бидний үзэж байгаагаар бол архидаж согтуураад халдвар авч тарааж байгаа.мөн биеээ үнэлэгчид бас голомт мөн. ийм хүмүүсийг загнаж жигшиж нууц байдалд оруулахгүйгээр эмчтэйил харьцах байнга зөвөлгөө өач байх бодлого барих
бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүс ямар насны ямар амьдралтай ямар боловсролтой хүмүүс байгааг сайн судалж ангилж байж эмчилгээ хийх эсхүл процедурыг нь сайн хэлж өгөөд гэрээрээ эмчлээд үе үе эмчид шалгуулж байх журам баримтлах.Бидний үзэж байгаагаар бол архидаж согтуураад халдвар авч тарааж байгаа.мөн биеээ үнэлэгчид бас голомт мөн. ийм хүмүүсийг загнаж жигшиж нууц байдалд оруулахгүйгээр эмчтэйил харьцах байнга зөвөлгөө өач байх бодлого барих