Онлайнд олзлуулагсад

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Нэг найз маань ярьж байна. “Миний оруулсан постон дор лайк, зүрх дарчихгүй үнэхээр муухай. Тэр хүн бол тийм л арчаагүй. Ийм хүнийг найзаа гэж бодож явсан нь миний буруу байжээ” хэмээн ярихыг сонсоод сэтгэл гонсойсныг нуух юун. Хэзээнээс бид ийм болчихвоо.

Халуун дулаан тэврэлт, хайр хийгээд үнэнийг өчсөн үгсээ уулзаж учрахдаа нэг нэгэндээ яагаад хэлэхээ байчихваа. Нүүр, нүүрээ хараад, халуун бүлээрээ уулзаад нэг, нэгэндээ сэтгэлийн үгсээ дэлгэдэг. Тэр хүртэл бусдыгаа буруу зөрүү боддоггүй. Сэтгэлийн орон зайндаа сэв суулгахгүй явдаг асан зан байдал маань яагаад алдагдаад байна вэ.

Хий хоосон, хэтэрхий хэлбэрт шилжсэн сошиалд амьдралаа, найз нөхдийн нандин холбоогоо даатгаж байгаа нь дэндүү өрөвдөлтэй биш гэж үү.

Муугаар бодъё. Нэг л өглөө таныг сэрэхэд сүлжээгүй, интернэтгүй, нүүр номгүй боллоо. Тэглээ гээд таны амьдрал тэндээ төгсөх үү. Үгүй л байхгүй юу.

Иймээс л эргэн тойрныхонтойгоо амьд харилцаа үүсгэж, сэтгэлийн нандин холбоогоо сошиалд бус уулзаж учрахдаа, амьд харилцаа үүсгэхдээ зангидаж байгаарай.

Түүнээс бус сошиалд тэр намайг тэглээ, ингэж хариу үйлдэл үзүүллээ, эс үзүүллээ хэмээн ундуйцах нь учир утгагүй мэт. Орчлон ертөнцийг онлайнаар төсөөлж, эргэн тойрноо фэйсбүүкийн найзуудаараа хэмжинэ гэдэг даанч харамсалтай. Уулзаад үзэхээр, уужраад бодохоор энэ дэлхий ертөнц дээр чинь гайхамшгууд олон шүү. Онлайнд олзлогдчихоод өөрийнхөө амьдралыг цахимд хүлүүлээд сууж байгаа бол таны л хохь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top