Хүүхэд бүр ялгаатай ч эцэг, эх болгон ижил үүрэгтэй

2023 оны 01 сарын 25

“Эцэг, эх бүр хүүхдээ ирээдүйд аз жаргалтай, сайн сайхан амьдраасай л гэж хүсдэг. Ямар ч аав, ээж хүүхдээ ялгаварлан гадуурхагдаасай, зовж зүдрээсэй гэж хүсэхгүй. Миний хүүхэд бусдад хүндлэгдсэн, бусдын төлөө санаа тавьдаг сайн хүн болж, мэдлэг, боловсрол эзэмшээд, эрүүл саруул амьдраасай хэмээн боддог.

Гэхдээ хүүхэд бүрийн чадвар чадамж, хөгжлийн онцлог, суралцах арга, хүсэл сонирхол ялгаатай. Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүүхэд ч мөн адил сайн сайхан амьдрах эрхтэй бөгөөд өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ байдаг.

Тэд зөвхөн тусгай сургуульд тусгаарлагдан суралцах ёсгүй. Учир нь бусдын дунд ажиллаж, амьдрах нь гарцаагүй юм. Ийм учраас хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдийг бид хүлээн зөвшөөрч, ойлгож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран суралцаж, зэрэгцэн орших учиртай. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах гэдэг нь хүн бүрийн ялгаатай онцлог, хэрэгцээ, чадвар, чадамжийг ойлгон хүндэтгэж, чанартай амьдрах арга ухаанд сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зэрэг боловсролын цогц үйлчилгээ юм” гэж боловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж буй,  Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Норовдоо ярив.

Тэрбээр Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр дээрх төслийн хүрээнд тавдугаар анги төгссөн тусгай хэрэгцээтэй сурагчдын дунд ангид дэвших болон цаашид суралцах үйл явцад эцэг, эхийн оролцоо, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх зорилгоор “Тэгш хамруулах боловсрол-Хүүхдийн сурах үйл явцад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй”, “Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг, эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх” сургалтын модулийг боловсруулахад гар бие оролцжээ.

 

Тэгш хамруулан сургах гэдэг нь бүх нийтийн асуудал юм

 

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ боловсрол эзэмшихэд нь санаа тавих, туслах, үүрэгтэй. Гэвч эцэг, эхчүүдийн олонх нь үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээнд илүүтэй анхаарч, хамт цаг өнгөрүүлэх, ярилцах, хичээл номыг нь давтуулах зэрэг тал дээр учир дутагдалтай байдаг.

Ялангуяа, тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдээ хөгжүүлэхэд хэрхэн оролцох, яаж “ажиллах” арга зүй зайлшгүй шаардлагатай. Тэгвэл дээрх төслийн хүрээнд эцэг, эхчүүдийн тэгш хамруулан сургах боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүүхдийнхээ бие бялдар, зан авир, сэтгэл зүйн онцлогийн талаар ойлгож, суралцах онцлог, чадварыг нь судалж, суралцах үйл явцыг нь дэмжих арга чадварт сургажээ.

Энэ талаар Б.Норовдоо багш “Зарим эцэг, эх, багш нарын дунд тэгш хамруулан сургах боловсролын асуудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д сургах тухай асуудал мэтээр ойлгож буй нь харамсалтай. Энэ ч утгаараа би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдгүй, манай ангид тийм сурагч байхгүй учраас надад хамаагүй гэсэн хандлагатай байгаа нь нууц биш. Эсвэл, тухайн хүүхдийг зөвхөн ангийн багшид нь даатгаж орхиод, тэдэнд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаад анхаарал хандуулдаггүй дутагдал байсаар байна. 

Тусгай хэрэгцээтэй хүүхэд гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс гадна, ойр ойрхон өвддөг, хөдөлмөр эрхэлдэг, амьжиргааны түвшин доогуур өрхийн, сурах идэвх сонирхолгүй болсон, сурлагаар хоцорсон зэрэг ямар нэгэн шалтгаанаар хичээл, сургууль нь тасалддаг, чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа бүхий л хүүхдийг хамруулан ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа тэгш хамруулан сургах гэдэг бол бүх нийтийн асуудал юм” гэв.

 

 

2500 орчим эцэг, эхийг сургалтад хамруулжээ

 

Энгийнээр хэлэхэд, сургуулиас үзүүлж буй боловролын үйлчилгээ нь хүүхэд бүрт ашиг тусаа өгч байж гэмээ нь тэгш хамруулан сургах боловсрол болдог аж. Ингэж хүүхэд бүрт тэгш боловсрол олгоход сургуулийн ажилтан, багш нараас гадна эцэг, эхийн оролцоо маш чухал. Тухайн хүүхдийг хамгийн сайн мэддэг, ойлгодог, дэмждэг, хайр халамжаар дутаахгүй байх газар нь гэр бүл нь билээ. Тиймээс Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөрүүд эцэг, эхийн оролцоог сайжруулахад анхаарал хандуулж иржээ.

Төслийн эцэг, эх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх бүрэлдэхүүн хэсгийг хариуцсан ажилтан Г.Уянгаас энэ талаар тодруулахад “Бага ангиас дунд ангид дэвшин суралцах үед хүүхдүүдэд олон багштай харилцах (40 хувь), хичээлээ ойлгохгүй байх (40 хувь), хичээлийн тоо нэмэгдэх (32 хувь) зэрэг ихээхэн бэрхшээл тулгардаг. Энэ үед хүүхдүүд бие махбод, зан авир, сэтгэл зүйн өөрчлөлтөд орж, сургууль, багш, эцэг, эхчүүдээсээ хангалттай дэмжлэг авч чадахгүйн улмаас сэтгэл санаа хямрах, сурлага муудах, бүр цаашлаад сургууль завсардах зэрэг эрсдэлтэй нүүр тулдаг нь бидний хийсэн судалгааны үр дүнгээс харагдсан.

Хүүхдийн амжилттай сурч боловсрох үйл явцад сургууль, багшийн үүрэг оролцооноос гадна, эцэг, эхчүүдийн дэмжлэг асар чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага хөгжилд материаллаг дэмжлэг хангалттай үзүүлдэг боловч гэр бүлийн орчинд хүүхэдтэйгээ ярилцах, чөлөөт цагийг нь хамт өнгөрөөх, гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд төдийлөн дэмжлэг үзүүлж чадахгүй байна.

Тиймээс манай төслийн хүрээнд бага ангийн сурагчдыг дунд ангид дэвшин суралцах үед эцэг, эх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдэнд чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө өгөх, сургалт үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

Төслийн эхний хоёр жилд давхардсан тоогоор 2500 эцэг, эхэд хүрч ажиллаж, тэдний мэдлэг, хандлага, ойлголтыг нэмэгдүүллээ. Эцэг, эхчүүдэд зориулсан сургалтаар тэгш хамруулах боловсролын тухай ойлголтыг сайжруулах, 5-6 дугаар ангийн сурагчдын бие бялдар, зан авир, сэтгэл зүйн онцлогийг танин мэдэж, хүүхдийг дэмжин туслах арга замуудын талаар болон гэр бүлийн эерэг уур амьсгал бүрдүүлэх, хүүхэд гэртээ сурч боловсрох үйл явцыг дэмжих арга хандлагуудын талаар онолын болон практик мэдлэг өгдөг.

Мөн тэгш хамруулах боловсролын чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хамтын ажиллагаа, үе тэнгийнхний хамтдаа хөгжих боломж, хандлага, оролцоог дэмжих нөлөөллийн ажлыг зохион байгуулах аргачлалд эцэг, эхчүүдийг чадавхжуулан ажиллаж байна” гэлээ.

 

“Хүүхэд хүүхдэдээ сайнаар нөлөөлж чаддаг”

 

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд сурдаг аж. Японы Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус сургуулийн багш, эцэг, эхчүүдийн дунд цөөнгүй сургалт зохион байгуулжээ.

Уг сургуулийн дэмжих багийн гишүүн Г.Солонго “Манай сургуулийн эцэг, эхийн зөвлөлд долоон хүн ажилладаг. Эцэг эхийн оролцоо болон сургалтын орчинг сайжруулах, багшийг хөгжүүлэх, олон нийтийн ажил гэсэн гурван багт хуваагдан ажиллаж байна. Оролцооны болон олон нийтийн багийнхан маань сургуулийн нийгмийн ажилтан, бага, дунд ангийн сургалтын менежертэйгээ хамтран тэгш хамруулах боловсролын асуудалд түлхүү анхаарч арга хэмжээ зохион байгуулдаг юм. 49 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон эцэг, эхчүүдээ сайн дэмжиж ажилладаг. Манай сургууль хүүхэд хөгжлийн танхимтай. Сурагчид тэнд хичээллэж, хичээлийн хоцрогдлоо арилгаж, багш нар хүүхдүүдэд давтлага өгдөг. Мөн хайчилбар, уран зураг, шатар, бүжиг, сагс, ятга, морин хуурын дугуйлан хичээллүүлдэг. Тэр дундаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийг биеийн тамирын хичээлд оруулахдаа ачаалал багатай, хөнгөн дасгал хөдөлгөөн хийлгэх гэх мэтээр аль болох тэгш хамруулан сургахад анхаарч сургалтаа явуулдаг юм. Бид сургууль орчмын ялгаварлан гаруурхалт, дээрэлхэх байдлыг арилгахад охид, хөвгүүдийн клубтэй хамтран нөлөөллийн ажил зохион байгуулж байна. Хүүхэд хүүхдэдээ сайнаар нөлөөлж чаддаг.

Өөрөөр хэлбэл, хүүхэд нэг нэгэндээ туслах, дэмжих талаар эцэг, эхээсээ сонсохоос илүү үе тэнгийнхнээсээ үлгэрлэн суралцдаг гэсэн үг. Миний хоёр хүүхэд 49 дүгээр сургуулийн бага ангид сурдаг. Том хүүхдийн минь ангид аутизмтай хүүхэд сурч байсан. Хүүхдүүд нэгнээсээ суралцаж, давуу талыг нь олж харж, бага зэрэг ялгаатай ч адилхан сурч хөгжих эрхтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрч, хамтран хөгжиж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, хөгжлийн онцлогтой хүүхэдтэй гэр бүлийн аль нэг гишүүн нь  ажиллах боломжгүй байдгаас нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй. Тиймээс тэдний оролцоог сайжруулах, хамтдаа суралцахад чиглэсэн цөөнгүй ажил өрнүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top