Томуугийн хүндрэлээр ХОЁР ХҮҮХЭД нас баржээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 26

ЕБС-ийн сурагчдын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. /2023.01.26/


Ханиад, томуу туссан иргэд хүндрэх тохиолдол их байна. Тухайлбал, томуугийн хүндрэлээр бага насны хоёр хүүхэд нас баржээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал өмнөх долоо хоногуудын түвшинд байна. Улсын хэмжээнд алаг, цоог түвшинд байна гэсэн үг. Зарим аймгуудад дэгдэлтийн түвшинд хүрсэн.

Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 9 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Харин хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 23 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. 

Бид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас өдөр бүр мэдээ авч байгаа.

Нэгдүгээр сарын 24-ний байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85,7 хувь нь амьсгалын замын цочмог, хүнд халдвартай байсан. Үүнийг өмнөх өдөртэй нь харьцуулахад 1,7 хувиар нэмэгдсэн байна. 

Улаанбаатарын хэмжээнд эмнэлгүүдийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 92,3 хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна. 

Томуу болон амьсгалын замын шалтгаантай нас баралт бүртгэгдсэн. Ер нь бол жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн эмнэлэг болон Орхон аймагт амьсгалын замын хүндрэлээр нас барсан тохиолдол нэг, нэг бүртгэгдсэн.

Үүнээс харахад томуу, томуу төст өвчний амбулаторид үйлчлүүлж байгаа иргэдийн тоо тогтмол байгаа бол хүндрэл нэмэгдэх хандлагатай байна" гэлээ.  

Мөн тэрбээр сар шинийн баяр болон сурагчдын хичээл эхэлж байгаа учир амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжихийг зөвлөсөн юм. 

Ингэхдээ "Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах явдал байдаг. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг. Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр нь байлгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтой" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я(202.9.46.27) 2023 оны 01 сарын 26

Тгд сайн ямар эмчилгээ яах талаар зөвлөгөө санамж өгөөчээ..шар түвшин гчээд...эм тарианы үнэ өдрөөр өсөөд бхад хүүхдийн мөнгөө өгөөчэээээ.

0  |  0
Top