Д.Анхтуяа: А.Нинжин дүүг минь эрүүл болгоход сайхан сэтгэлээр туслаач гэж монголчуудаасаа гуйж байна

2023 оны 01 сарын 30

Агарын Нинжин хэмээх наймхан настай охин “Бүдүүн шилбэний ясны хорт хавдар” гэсэн оноштойгоор БНСУ-д эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар хорт хавдрыг авах хагалгаагаа хийлгээд хагалгааны дараах химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Ар гэрийнхэн нь өөрсдийн боломж бололцоогоороо хагалгааны зардлыг төлсөн ч хими эмчилгээний зардал болох 400 орчим сая төгрөг дутсан байна. Тиймээс сайхан сэтгэлт монголчуудаасаа тусламж хүсэж, манай сонинд хандсан юм. Бид бүхэн А.Нинжин охины ээж Д.Одонтуяагийн эгч Д.Анхтуяагаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Манай сонинд хандах болсон шалтгаанаа тайлбарлана уу?

-Миний төрсөн эмэгтэй дүүгийн охин Агарын Нинжин гэж найман настай хүүхэд өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд “Ясны хорт хавдар”-тай гэж оношлогдсон. Ясны хорт хавдар гэдэг өвчин маш хурдацтайгаар тархаж, бусад эрхтэндээ нөлөөлдөг учраас яаралтай эмчилгээндээ орох хэрэгтэй гэсэн. Манай улсад уг өвчнийг эмчлэх боломжгүй учраас бид бүхэн судалж байгаад БНСУ-ын Самсунг эмнэлэгт хүсэлтээ өгсөн. Ингээд өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нөөс тус эмнэлэгт эмчилгээндээ орсон.

-Хавдраа авхуулах хагалгаандаа орсон гэсэн үү?

-Тэгсэн. Эхлээд хоёр курс хими эмчилгээ хийлгэж байгаад энэ оны нэгдүгээр сарын 23-нд мэс засалдаа орсон. Харин мэс заслын дараа 4-6 курс хими эмчилгээ явна гэсэн. Эхний байдлаар бид бүхэн ах дүү, хамаатан саднаараа нийлж, цуглуулж байгаад эхний хоёр курс хими эмчилгээ, мэс заслын зардал болох 200 гаруй сая төгрөгийг төлсөн.

-Одоо цаашдын эмчилгээнд хэдий хэр хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?

-Нийт зардал нь 189 сая вон буюу монгол мөнгөөр 546 сая төгрөг гэж гарсан юм. үүнээс бид бүхэн хагалгааны төлбөрөө бүрэн төлсөн. Харин 4-6 курс хими эмчилгээний зардалд 400 орчим сая төгрөг хэрэгтэй болчхоод байгаа. Тиймээс бид бүхэн ярилцаж байгаад саяхнаас сайхан сэтгэлт монголчуудаасаа тусламж гуйж, хандивын аян эхлүүлсэн. Монголчууд маань үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч энэрэнгүй хүмүүс учраас мянган төгрөгтэй нь мянган төгрөгөө хандивлаж байгаа. тэдгээр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Эмчилгээний мөнгийг хэзээ бэлэн болгох ёстой вэ?

-Хими эмчилгээ нь ирэх сарын 21-нээс эхлэх юм билээ. Манай дүү маш хүнд хагалгаа хийлгэсэн. Хавдар нь зүүн хөлийн бүдүүн шилбэ дээр нь байрласан байсан. Мэс заслаар өвдөгний үеэс доош 15 сантметр газрын ясыг тэр чигээр нь авч, хиймэл өвдөгний үе суулгаж, донор яс хадсан. Тиймээс хүүхдийнхээ биеийн байдлыг сайтар тэнхрүүлж байж хими эмчилгээг нь эхлэх ёстой юм билээ. Учир нь, хими эмчилгээ нь хавдрын эсийг дарангуйлахаас гадна хүний дархлааг бас дарангуйлж, муутгаж байдаг гэсэн.

-А.Нинжин охины биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Хагалгаанаас хойш эхний долоо хоног их хэцүү байсан. Одоо л овоо гайгүй болж байна. Морфин тариатай байж байгаад өчигдрөөс /01.28/ зогсоож, энгийн өвчин намдаах тариа, эм хэрэглэж эхэлсэн. Одоо дүүг маань бүрэн эмчилж, хөл дээр нь босгоход 400 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа. Тиймээс нийт монголчуудаасаа дүүг минь эрүүл саруул болгоход сайхан сэтгэл гаргаж, буяны гараа сунгаач ээ гэж гуймаар байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.72.245.206) 2023 оны 01 сарын 31

ESaidaa tuslaachee , mon eronchiilogch Churelsuch , bas S . Batbold ,ter Churelbaatar tanar ene ochind tuslaachee !!!

0  |  0
Tuslaldaa guij bn(86.111.136.207) 2023 оны 01 сарын 30

Mongol ulsin zasgin gazar tuslaacheeeee?! Uchnuun hulgaichdasaa munguu abaad ubduj zobson huuhduuded garaa sungaacheee Ouyn-Erdene erunhii saidaaa????

0  |  0
Top