Ирландийн жүжигчин Жэймс Мартин өнгөрсөн ням гарагт болж өндөрлөсөн 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд ялалт байгуулсан "Аn irish goodbye" киноны уран бүтээлчдийн хамтаар шагнал гардан авчээ.
Дауны хам шинжтэй Жэймс Мартин тус киноны найруулагч Росс Уайт, Том Беркли болон хамтран тоглосон жүжигчин Симус О'Хара нарын хамтаар тайзнаа гарч ирэв.
Найруулагч Том Беркли жүжигчин Жэймс Мартинийг микрофон руу ойртохыг хүсээд "Энэхүү шагнал өнөөдрийн хоёр дахь чухал зүйл гэж бодож байна. Учир нь өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэр энд, Холливудэд хүндэтгэл үзүүлэн ирвэсний хээтэй хүрэм өмсөж ирсэн учир бид үлдсэн цагаа Жэймст зориулан төрсөн өдрийн дуу дуулахад зарцуулахыг хүсэж байна" гэжээ. Үүний дараа Долби театрт цугласан үзэгчид Жэймст зориулан төрсөн өдрийн дуу дуулж өгчээ.
Жэймс Мартин 2016 онд "Марселла" телевизийн цувралд, 2017 онд "Ups and Downs" кинонд тогложээ. Гэсэн ч 95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос хэдхэн сарын өмнө Ирланд дахь Старбакст ажиллаж байжээ.
Тэрээр ITV-д өгсөн ярилцлагадаа "Би хүмүүст үргэлж хэлдэг. Номыг хавтсаар нь бүү дүгнэ. Бид бүгд яаж ажиллахаа мэддэг хүмүүс гэж хэлдэг" хэмээжээ.
Жэймс Мартин 20 жилийн өмнө тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан "Babosh" театрт элсэн оржээ. Энэхүү газар жүжигчний уран чадвар эзэмшсэн тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа "Чи хийдэг зүйлээ хийж чадаж л байвал Дауны синдромтой эсэх чинь хамаагүй. Би инээдтэй байхын тулд чадах бүхнээ хийдэг. Би Бафта болон Оскар авсан анхны Дауны синдромтой хүн. Ялангуяа төрсөн өдрөөрөө Оскар авсан нь үнэхээр гайхалтай хэрэг" гэжээ.
Жэймс Мартин сүүлийн 10 жилийн турш Castle Lane болон Victoria Square дахь Starbucks, мөн өмнөд Белфаст дахь Scalini ресторанд ажиллажээ. Мөн гүйлтээр хичээллэдэг тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд зохиогддог гүйлтийн тэмцээнд тогтмол оролцдог байна.
Түүнийг Оскар хүртсэний дараа сая сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс итгэл найдвар төрж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй тэмцэх хүч авсан тухайгаа илэрхийлэн, баяр хүргэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
мундаг байлаа. Дэлхий хүн төрөлхнөөс гарсан алдаан дээр бий болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх чөлөөний баганаа хаалгасныг анддаггүй.
Дауны өвчтэй хүн дээд тэл нь 18 нас хүрдэг. Ховор тохиолдолд 40 хүрдэг. Гэхдээ цөөхөн.