ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 85 ЖИЛД | Баруун хилийн тулгаралтын партизан Гашгайн Чэтгээ

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

(1900-1971)

Миний өвөө Гашгай овогтой Чэтгээ 1900 оны дунд үеэр одоогийн Ховог сайр буюу Шинжааны Торгууд хошуунд Гашгайгийн бага хүү болж төрсөн. Эрийн цээнд хүрээд ан авд сайн, моринд гарамгай, морийг өөртөө сайн дасгадаг хүн болсон гэдэг. Хэсэг хугацаанд нэг голын Балжир гэдэг айлд мал малладаг байсан, өөрөөр хэлбэл зарцлагдаж байсан юм шиг байгаа юм. Балжир мал хуй ихтэй, догшин ширүүн ааштай, нэлээд бийлэгжүү хүн байсан бөгөөд мөн ганц охинтой байсан юм. Хоёр залуус биедээ сэтгэлтэй болж, асуудал хүндрээд Балжир гуайн чихэнд хүрсэн юм байх. Балжир гуай уурандаа “Чамайг зарцлах гэж авчирсан болохоос ганц охиноо өгөх гэж авч ирээгүй” гээд хамрыг нь зүсч (таслах шахсан гэдэг), мөн алах шахсан юм гэдэг. Нэгэнт хөл хүнд болсон охиндоо аав нь нэг урц босгож өгснийг нь охин нь нураагаад хаясан гэж хожим ээж маань бидэнд ярьж өгч байсан юм. Ховог сайрт дөрвөн сайхан хүүхдээ алдаж, өвөө маань болохгүй ан агнаж сайхан хүүхдүүдээ алдлаа гэж харуусаж байсан юм гэсэн. Охин Альман нь (миний авга эгч) гурван настай (эсвэл гурван сартай) байхад, миний эмээ хүүүхдүүдээ алдсандаа бараг галзуурч, өвөө маань тооноор буудаж айлгаж байж ухаан санааг нь хэвэнд нь оруулж байсан гэж ярьдаг.

Өвөө маань хасаг монгол баячуудын малыг хөөдөг, Булган сум руу оруулж голын сав дагуух айлуудад тарааж өгдөг байж. Тухайн үед хувьсгал эхэлж байсан үе бөгөөд Ховог сайрт ч манай өвөөгийн тухай яриа чих дэлсэж эхэлж байсан үе юм. Ингэж явахдаа хилийнхэнтэй холбоо тогтоож партизан болох (хожим Цусан Гавьяаны Улаан тугийн одон авах хүртлээ зүтгэсэн) гараагаа эхэлсэн байдаг.

Хамгийн түрүүнд гурван гэрээрээ Монгол Улсын иргэн болохоор нүүж ирсэн байдаг. Төрсөн ах, төрсөн эгч болон өөрийн гэр. Тухайн үед Монгол Улс хүлээж авахгүй, гурван гэрээрээ ууланд бүгж нуугдаж байсан байгаа юм. Гэвч тэдэнд шөнөөр хоол хүнс хүргэж ирдэг тусгай хүмүүс байсан гэдэг. 1936, 1937 он хавьцаа өвөө маань хилийнхэнтэй туршуулд явдаг байсан, тэгж байж зөвшөөрөл ирж, Булган сумын VI багийн иргэн болсон байдаг.

Миний аав Төмөрөө дээрээ ганц эгчтэй Ч.Альман (дээр дурдсан жаахан охин) гэж хүн байсан юм. Түүний том хүүд Дорж гэж нэр өгсөн байдаг. Дорж цэрэгт татагдаад Зүүнбаян тийшээ хуваарилагдаад яваад өгсөн байдаг. Ганц охин нь эцэгтээ гомдол гаргаж уйлж хашгираад бөөн юм болсон гэдэг. Тэгэх шалтаг ч байсан юм. Өвөө маань миний аавыг (Төмөрөө) яг хажуудаа Байтагийн заставт авж үлдээд алба хаалгасан байдаг юм. Тэгээд өвөө хот явахаар шийдэж бэлэн мөнгө байхгүй, нэг сайн жороо морио 800 төгрөгөөр зараад хот явсан байдаг. Тэгээд найз нь тосож аваад гэртээ хонуулж. Найздаа “Чи намайг генерал Доржтой уулзуулж өг” гэж. Найз нь ч ёсоор болгож. Харуул хамгаалалтын хүмүүстэй уулзаж “Чэтгээ Ховдын Булганаас ирсэн” гэж хэлүүлсэн байдаг юм. Дайны үеийн генерал, партизан тагнуулч хоёр сайхан уулзсан байх. Ирсэн зорилгыг нь мэдсэн генерал утас цохиж, Ховдын Булганаас татагдан ирсэн П.Доржийг аль ангид байгааг мэдээд, маргааш энд бэлэн байлга гэсэн үүрэг өгчээ. Маргааш нь карентинд байсан шинэ цэрэг ангийн даргынхаа “69” машинаар Жанжин Штаб дээр хүргэгдэн ирж уулзаад 107-р ангид зургаан сар сураад жолооч болоод алдарт Байтагийн заставт ГАЗ-66 машинтай томилогдон очиж, Ангийн авто баазын дарга болтлоо ажиллаж хошууч цолтой гавьяандаа гарсан байдаг юм. Миний хувьд авга ахдаа их эрхэлдэг гэрт нь хүүхэд шиг нь л дураараа байдаг байж дээ.

Генерал Дорж манай өвөөд их итгэдэг хүн байж. Миний авга ах П.Ганбаатарын ярьснаар, Монгол Улсын Баатар генерал Б.Дорж Ховдын Булганд хилийн ойгоор очсон гэдэг. Баруун хязгаарт байлдаж явсан Баатруудын хөшөө, хүндэтгэлийн самбарууд дээр очиж хүндэтгэл үзүүлэхдээ Байтагийн заставт ажиллаж байсан амидааг асуухад (дээр дурьдсан шинэ цэрэг Дорж) ах босож ёслоход, амьдрал ахуйг нь асуугаад “Чэтгээн хөгшний хөшөө яагаад Алагтолгойн шил дээр байхгүй байгаа юм” гэж асуусан гэдэг. Бас олон хүний өргөдлийн хариу болгож “Чэтгээг Баатар болоогүй цагт Баатар болох хүн байхгүй” гэсэн дам яриа байдаг. Олон ахмад буурлууд, ах нарын ярьж байснаар манай өвөө ард түмэнд гавьяатай шилийн сайн эр, эх оронч, анчин, хилчин, мэргэн буудагч, тагнуулч баатар байсан бахархалт хүн юм.

Намайг наймдугаар ангид байхад шугам зургийн багш Дамдинжав, танай өвөөг чинь “Харуул Алтай” номонд бичсэн байна гэж хэлсний дараа би хуудас алгасалгүй уншиж дуусгаж байж билээ. Д.Гармаа гуай “Харуул Алтай” зохиолдоо, нутгийн цуутай анчин “Чөтгөө” (Чэтгээ) гуай гэж яльгүй андуурч бичсэн байдаг. Зохиолд хэдэн жилийн тэртээ нутгийн цуутай анчин Чөтгөө гуай Бүрэнхан хайрхан уулнаас хоёр хар чоно гарч зугтасны өлөгчин чоныг агнасан түүхтэй гэж зохиолын гол баатар дурсан ярьж байгаа байдлаар гардаг.

Дайны дараа нутгийн залуучууд өвөөгийнхөөр их ирж явж, түүх дурсамжийг нь яриулж хулсны зэрлэг гахай (манай нутагт хулсны зэрлэг гахай их байсан гэдэг) агнуулж чанаж идэж, хадлан өвсийг нь бэлдэж өгдөг байсан гэдэг.

1971 оны хавар өвөө маань тэмээгээ эргүүлж ирэх гээд морьтой яваад их удсан юм. Тэгээд араас нь эрж явж, дэрсэн дотор унасан байхыг олсон. Өвөөг морин дээр дүүрч авчраад, эмнэлгээс хүн дуудуулж үзүүлээд удалгүй Булган сумын эмнэлэгт өөд болсон доо.

Манай өвөөгийн талаар зарим хүмүүс ийн дурсдаг юм.

Ахмад дайчин Н.Шагдар (миний ээжийн аав буюу нагац өвөө):

-Чэтгээ өвөөгийнх нь морины цулбуураас ховорхон барьж явлаа, баатар хүн шүү гэж хэлдэг байсан юм. Нэгэн удаа хоёр өвөө маань хэдэн хүнтэй хамт хасгуудын байршил, тоо толгойг мэдэж ирэх даалгавар аваад, дайсны байрлалд ойртож очоод, Чэтгээ өвөө маань Шагдар өвөөг бүх морио бариад эндээ хүлээж бай гээд бусад хүмүүсээ дагуулаад өндөр рүү тандалт хийж, дуран тавихаар гарцгаасан гэдэг. Шагдар өвөө морьдоо хүзүүгээр нь холбож тушчаад, араас нь мацаж очоод хажууд нь буугаа тавиад хэвттэл, дурандаж байсан өвөө маань харчихаад тасхийтэл нэг цохиод, нөгөө морьд руу хөөж явуулсан гэдэг. Дайсны тоо, байршлыг тогтоогоод буцаж ирээд “Дайны цагт морьдоо тушиж орхиж болдоггүй юм, хасгууд биднийг харчвал, энэ чиний тушааг тайлах гэсээр байтал буудуулж үхнэ. Буудалцаан болоход морьд үргээд цулбуур жолоогоо тасдаад давхих тохиолдол гардаг юм. Буудалцах үе чамд зөндөө тохиолдоно. Үхсэндээ яарна вэ чи гэж сүрхий загнуулсан.

Ахмад дайчин Дондог (амьд сэрүүн байхад нь миний бие нэг очиж золгосон юм):

-Танай өвөө улсын баатар болох хэмжээний гавьяатай хүн. Би нэг удаа Хятадын хилийн газарт юм уу даа Хавтаг Байтагаас цаашаа сүйрсэн онгоц билүү машин байгааг тандаж мэдэж ирэх даалгавартай явсан юм. Дөхөж очоод нэлээд дуран тавьж, шинжээд хүн байх шинжгүй болохоор Чэтгээ ах “Чи эндээ намайг ажиглаад, ойр орчмыг сайн харж бай, ямар нэгэн юм хөдөлвөл шууд бууд” гэж хэлээд морио унаад яваад өгсөн. Чэтгээ ахыг бараг 50 м орчим зайд дөхөөд очиж явтал гэнэт их дуу гарч, нэг онгоц газар доороос гараад ирэв үү гэлтэй, ойртоод ирлээ. Манай хүн ч морио эргүүлээд наашаа давхилаа, нөгөө онгоц яах ийхийн зуургүй пульёмётоор шүршээд, улаанаар нь эргүүлээд хаячлаа. Манай хүн ямар ч байсан мориноосоо унаж байгаа харагдлаа, нөгөө онгоц баруун тийшээ далийгаад эргээд явах нь уу гэтэл буцаад тойроод эргээд ирж байна. Тэгээд нөгөө тандах гэж байсан техникийг бөмбөгдөөд, улаанаар нь эргүүлээд хаячихлаа. Би морио унаад давхиад очих хоорондоо, хайран хүн үхчихлээ гэж бодоод очтол нэг үхсэн тэмээний сэг дотроос гараад тоосоо гөвж зогсоно. Баярласан гэж жигтэйхэн. Би “Ах араар морд, эндээс хурдан холдъё” гээд сундаллаад давхичихав. Нэлээд алсад гараад хоёулаа буугаад зогстол Чэтгээ ах: -“Ий өвөрт минь галтай сум байсан байна. Тэрхэн хооронд самуурчихаж” гээд шогшорч амаа дарж байсан. Бодвол буудалцах бодолтой байж. Хүрэн морь тань үргээд алга болж, одоо хоёулаа хурдан хил рүүгээ оръё гэхэд Чэтгээ ах тэр намайг хаядаг морь биш ээ гээд морио “гуурсахад” миний морь дагаад үүрсэж билээ. Хүрэн мориныхоо хүчинд олон үхлээс мултарлаа.

1999 онд Дондог гуайтай уулзаж байсан юм байна. Удахгүй Дондог хөгшин бурхан болсон доо. Өндөр насалсан, 80 гарсан байх.

Ач хүү Т.Бат-Эрдэнэ (Аавын ярьсныг сийрүүлэв):

-Манай өвөө эх орон, нутаг ус, ард иргэдийнхээ төлөө туслах группын гишүүн болж Дорж генералаас үүрэг даалгавар авч, баруун хязгаарт бүгсэн Оспаны нуувчийг илрүүлэх, амьд хэл олзлох зэрэг олон удаагийн даалгавруудыг нэр төртэй амжилттай биелүүлэн Цусан гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдаж байсан. Хамгийн сүүлд Хавтаг Байтагийн уулаар бүгсэн Оспаны зэвсэгт дээрэмчдийн байрлалыг олж илрүүлэх үүрэг авч Амарзаяа, Сагва, Иримэд, Айжа тэргүүнтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлан Хавтаг уулын бэлд шөнө орохоор төлөвлөн хоол хийж их идэх зуураа Иримэд гуай 41 чулуугаар мэргэ татаад "Орж болохгүй цус үнэртэж байна " гэж хэлэхэд нь:

"Чи хүмүүсийн толгойг битгий эргүүл авсан үүргээ биелүүлэх нь надтай хамт яв аминдаа хайртай нь эндээ үлд" гэж хэлээд мориндоо мордоход нь Сагва гуай "Ганц хүүтэйгээ ахиад уулзахааргүй болох шиг боллоо доо" гэж хэлээд дагаад морджээ. Сартай шөнөөр хоёул давхин үлдсэн таваасаа бараа тасраад байхад нь уулын цаанаас Оспаны дээрэмчид буудаж эхлэхэд Сагва буцаж эргээд суманд оногдож цасан дээр унахыг хараад буцаж эргэвэл суманд оногдох тул өөдөөс нь чигээрээ давхиж нэг үзүүрээр нь эргэж нөгөө талд нь гаръя гээд цааш давхижээ. Давхиж байх зуур дээрэмчдийн яриа, буун дуу сонсогдож байв. Нэлээд газар явж чимээ тасарсны дараа баруун хөл нь хөндүүртэй байгааг мэдээд хартал суманд оногдон шархадсан байжээ. Мориноосоо бууж хөлсөвчийг нь аван шархаа боогоод түр амсхийж байтал цас чихран хүчтэй дуугарч давхих чимээ сонсогджээ. Дээрэмчид араас нэхээд ирлээ амьдаараа баригдахгүйн тулд амийг амиар солъё гэж шийдээд буугаа бэлдэв. Тэгтэл даалгавар биелүүлэхдээ хөтөлж явдаг сайн хүрэн морь нь араас нь давхиад иржээ. Хүрэн морио хараад ихэд баярлажээ. Унаж явсан морь нь ч ядарсан тул хүрэн морин дээрээ зайдан мордоод уулын бэлд үлдсэн нөхөд лүүгээ буцав.

Нөхөд дээрээ ирээд ухаан алдахад нь Зээгийн заставд аваачин эмчлүүлэхээр болжээ. Айжа үлдээд нэг сар сахиад буцжээ. Дахин нэг сар тэндээ эмчлүүлээд гэртээ эргэж ирсэн байна. Хамгийн сүүлчийн үүрэг даалгавар нь энэ байсан гэж аав минь бидэнд ярьж байсан.

Дурсамж бичсэн: Ач хүү, Цагдаагийн ахлах ахлагч асан Төмөрөөгийн Өнөржаргал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хангалттай(66.181.184.178) 2024 оны 09 сарын 04

Социализмын үлгэр уранзохиол

0  |  0
Top