Палестины Хамас хөдөлгөөнтэй байгуулсан хэлцлийг Израилын Засгийн газрын баруун жигүүрийнхэн “шившигтэй бөгөөд хулчгар” тохиролцоо гэв. Израилд сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа улс төрийн хямрал гүнзгийрсээр байна. Эрх баригч эвслийг хадгалж үлдэхийн тулд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд хуучин болон өнөөгийн түншүүдтэйгээ харилцахдаа ихээхэн уян хатан хандахаас өөр аргагүйд хүрээд байна гэж шинжээчид үзэж байна. Мөн уламжлалт аргыг хэрэглэхэд ч гэмгүй. Тэр нь Иран эсвэл хуситуудын дүр бүхий нийтийн дайсны эсрэг анхаарлаа хандуулах явдал юм.
Барууны үзэлтнүүд явж байна
Израилын эрх баригч эвслээс гарах тухай хамгийн түрүүнд “Еврейн хүч” хэт барууны үзэлтэй намын тэргүүн, үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир мэдэгдэв. Тэрбээр Нетаньяхуг түүний дэмжигчдийн хамтаар “терроризмын өмнө бууж өгсөн” хэмээн буруутгаж, сайдын албан тушаалаасаа татгалзахыг илүүд үзжээ. Түүнтэй хамт нам нэгт өвийн сайд Амихай Элиягу, Негев, Галилейн хэрэг эрхлэх сайд Ицхаг Вассерлауф нар танхимаас гарсан.
Бен-Гвирийн эл эсэргүүцэл гэнэтийнх биш. Засгийн газрынхаа “шонхор” нь байсан Бен-Гвир нь Нетаньяхугийн дэмжигчидтэй нэг бус удаа маргаан дэгдээж, Газын зурваст явуулж буй ажиллагаагаа “илүү шийдэмгий“ явуулах, хүн ам суурьшуулах, ялангуяа харьцангуй төвийг сахисан Иорданы баруун эрэгт хүн ам суурьшуулах чиглэлд илүү хатуу бодлого явуулахыг шаардаж байв. Тэрбээр мөн Байдены засаг захиргааны үед санал болгож байсан Хамастай хийх хэлцлийн нөхцөлийг хүлээн авбал эвслийг нураана гэж заналхийлж байлаа.
Түүнчлэн, “Еврейн хүч” нам нь шүүмжлэлийг үйлдлээрээ батжуулсан “азгүйчүүдийн нам” болж хувирсан. Хамастай хэлцэл хийхийг хатуу эсэргүүцэгч Сангийн сайд Бецалель Смотрич Нетаньяхуг хулчгар хэмээн буруутгаж, гал зогсоох хэлцэл байгуулахын эсрэг санал өгч байсан ч албан тушаалаа өгөөгүй. Хожим нь тэр барьцаанаас эх орондоо буцаж ирсэн элэг нэгтнүүддээ баяр хүргэж байлаа.
Эвслийг бүрдүүлдэг бусад намын тэргүүн нар, тухайлбал Гидеон Саар /Шинэ найдвар нам/, Арье Дери /Шас/Shas нам/ хэлэлцээрийн үр дүнгийн талаар тайлбар өгөхгүй байхыг илүүд үзэв.
Ийнхүү Бен-Гвир сонгогчдын эсэргүүцлийн уур амьсгал дээр тоглолт хийн, өөрийн намаа Израилын зарчимтай улс төрийн сүүлийн “цайз хэрэм” болгож харагдуулахыг оролдсон цорын ганц улс төрч болжээ.
Сөрөг хүчний хүүхэлдэйнүүд
Бен-Гвирийн нам Кнессет /парламент/-эд зургаахан суудалтай хэдий ч түүний нам эвсэлд тогтвортой олонхыг бүрдүүлсэн. Нетаньяхугийн “Ликуд” нам тав дахин их суудалтай билээ. 52 мандатын эсрэг 68 мандаттай болсноор Нетаньяхуд сөрөг хүчний сөрөг дуу хоолойг үл тоох, өөрт нь тааламжгүй хуулийн төслүүдэд саад тавих боломжтой болсон.
Харин өдгөө эрх баригч эвсэл, сөрөг хүчний хоорондын саналын ялгаа гуравны нэгээр багасаж байгаа тул Ерөнхий сайдын хувьд түгшүүрийн харанга дэлдэж байна. “Еврейн хүч” нам одоогоор сөрөг хүчинтэй хамтарч байгаагаа албан ёсоор зарлаагүй ч тактикийн зорилтуудаа шийдэх үүднээс тодорхой асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж эхэлжээ.
Засгийн газар, сөрөг хүчний хооронд үүссэн эл шилжилтийн үе, ялангуяа, эрх баригчид сөрөг хүчний суудлын ялгаа багасвал цаг хугацааны явцад жижиг намуудад ашигтай болж хувирч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Энэ тохиолдолд Израилын Засгийн газрын бусад “шонхрууд”, тэр дундаа Смотрич гуравдагч хүчинд шилжин, хүчний тэнцвэрийг хангах талаар бодож эхэлж магадлалтай.
Ямартаа ч Нетаньяху болон түүний сөргөлдөгчид хооронд ийн байнга “аялах” нь Израилд ээлжит бус сонгууль явуулахад хүргэж болзошгүй. Тэр тусмаа эрх баригч эвсэл эрх зүйн чадамжаа хадгалахад шаардлагатай босгын 61 мандатад тулж ирээд байгаа энэ үед. Нетаньяхугийн рейтинг сараас сард буурч байгаа энэ үед нөхцөл байдал эвсэлд ашигтайгаар эргэхгүй л болов уу.
“Мидгам” хүрээлэнгээс үе үе явуулдаг социологийн судалгааны дүн Израилын нийгэм дотоодын зөрчилдөөнөөс залхаж, засгийн газраасаа асуудлыг шийдэх нэгдсэн байр суурийг хүлээж байгаа нь тод томруун харуулж байна. Тус хүрээлэнгээс явуулсан судалгаанаас үзвэл Бен-Гвир, Смотрич зэрэг ганцаарчилсан тоглолт хийдэг улс төрчид судалгаанд оролцогчдын зүгээс авсан сөрөг үнэлгээгээрээ тэргүүлж байна. Засгийн газрыг эсэргүүцсэн байр суурьтай сонгогчдыг оролцуулаад ч тэд ард түмний томоохон дэмжлэгт найдах боломжгүй. Гэтэл батлан хамгаалахын сайд асан Йоав Ганц, Бени Ганц зэрэг сөрөг хүчний өрсөлдөгчид нь эсрэгээр хүн амын консерватив үзэлтэй давхаргын дунд нэр хүнд, дэмжлэг сайтай байна.
Израилын улстөрчдийн бас нэг толгойн өвчин болсон сэдэв бол аравдугаар сарын 7-ны үйл явдал. Хамас хөдөлгөөний эхэн үеийн амжилтуудын шалтгааныг тодруулж, гэмтнүүдийг гэсгээхийг Бени Ганц зэрэг сөрөг хүчнийхэн төдийгүй Шас намын консерватив үзэлтнүүд шаардаж, уриалж байгаа. Кнессетэд 11 суудалтай Шас нь хоёрдох том нам юм. Одоогоор Нетаньяхуд дээрх үйл явдлыг мөрдөн шалгах парламентын комисс байгуулах асуудлыг гацааж дөнгөж байгаа ч танхимынх нь хагарал үүнийг улам бэрх болгож байна.
Нийтийн дайсан
Палестины Хамас хөдөлгөөнтэй хэлцэл байгуулснаар Нетаньяху зарим талаараа улс төрийн занганд ороод байна. Нэгэн үед өмнөх ерөнхий сайдууд болох Нафтали Беннет болон Яир Лапидыг оруулж байсан зангандаа өөрөө ороод байна. Тэдний эвслийн засгийн газар 2022 онд дотоод зөрчилдөөний улмаас унаж байсан билээ. Ганц ялгаа нь Беннет-Лапидын засгийн газар Ливаны Хезболлатай хил орчмын асуудлаар буулт хийн, эвлэрэх оролдлого хийсэн.
Ганхаж буй засгийн газраа тогтворжуулахын тулд Нетаньяху шалгарсан арга хэрэглэхийг төлөвлөж байна. Тэр нь нийтийн дайсан болох Ираныг анхаарлын төвд оруулж ирэх явдал юм. Ерөнхий сайд эсэргүүцлийн тэнхлэг хүчээ авч буй тухай идэвхтэй дуугарч эхэлсэн бөгөөд хамтын хүчин чармайлтаар сөрөхийг уриалах болов. Израилын “жижиг ялалт”-ын бай нь Йемений хүситууд зэрэг тэсэж үлдсэн жижиг бүлэглэлүүд болох магадлалтай байна.
Үүнтэй зэрэгцэн Нетаньяху солилцоо дууссаны дараа Хамастай байгуулсан эвлэрлийн хэлэлцээрээ хэрэгжүүлэх шаардлагагүй гэдэгт Цагаан ордныг итгүүлэхээр төлөвлөж байна. Ойрын долоо хоногуудад Израилын Ерөнхий сайд Вашингтонд айлчилж, Палестин, Израилын харилцааны сэдвийг хөндөхөөр зэхжээ.
Ингэхдээ эвслийн түншүүдээ харааны гадуур үлдээхийг Израилын Ерөнхий сайд хүсэхгүй байгаа нь илт. Бен-Гвиртэй зөрчилдөж байгаа нөхцөлд түүний нөлөөнөөс эмзэг сайд болон гишүүдээ халхлахыг хичээнэ. Тухайлбал, Смотричийг. Гэхдээ хоосон үлдсэн сайдын суудлыг үлдсэн түншүүддээ тараах бодолгүй байгаа. Эзэнгүй болсон сайдын суудлуудыг Нетаньяхугийн “Ликуд” намын гишүүд авна гэсэн хүлээлт бий. Мэдээж хэрэг, ийм шийдвэр “шонхруудын” дургүйцлийг хүргэх ч Нетаньяху засгийн газрын, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын яамны шуурхай шийдвэрт тавих хяналтаа бэхжүүлэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )