Б.Алтанцэцэг: Цалин нэмэх нь улс төрийн асуудал биш, эдийн засаг юм

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

 

“Эн Ар Си СИ” ХХК-ийн үндэсний судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Цалин нэмэх тухай эрчтэй ярьж байна. Эдийн засагчид, судлаачид хөндлөнгөөс хэрхэн харж байгааг бид тодруулахаар тантай уулзлаа?

- Цалин нь хөдөлмөр гэдэг чухал нөөцийн үнэ юм. Аливаа нөөц, бүтээгдэхүүний үнэ нь зах зээл дээр тодорхойлогдож байх ёстой. Ингэснээр бодитой үнэ тогтох учиртай. Өнөөдөр цалин нэмэх асуудал улсын секторт л яригдаад байна. Нэг талаас шаардлага тавьж байгаад нэмүүлж байгаа нь буруу биш. Гэхдээ нэмж байгаа үнэ ямар үнэ вэ гэдгээс л их юм хамаарна. Үнэхээр зах зээлийн зарчмаар цалингийн хэмжээ нэмэгдэж байвал зүйн хэрэг.

-Багш,эмч нарын цалинг 3.500.000 болгохоор ярьж байгаа нь өнөөгийн нөхцөлд хэр бодитой шаардлага  бол?

-Төр 3.500.000 төгрөгийн цалинтай бүтээмжийг багаар тооцож, зохиомлоор дарж байсан бол цалин нэмэгдэхэд ямар нэгэн саад бэрхшээл үүсэхгүй. Хөдөлмөрийн үнэлэмж зохистой хэмжээндээ очно гэсэн үг. Харин зах зээлийн үнэлгээ нь хоёр сая орчимд байгаад байдаг. Гэтэл хүчээр шаардлага тавьж байгаад цалинг сая гаруй төгрөгөөр өсгөж байгаа бол ардаа асуудал дагуулна.  Цалин нэмэх нь зах зээлийн бодит үнэ мөн эсэхийг л сайн судлах хэрэгтэй.

-Улсын төсөв өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Өргөн барьсан төсвийнхөө урсгал зардлаас танаад цалинг нэмнэ гэж шийдвэр гаргагчид тайлбарлаж байна?

-Төр аливаа үнийг тогтоохдоо  зах зээлийн бодит үнэлгээ мөн үү, үр ашигтай юу гэдэг дээр мэдээлэл багатай сектор учраас ардаа эрсдэл дагуулах магадлал өндөр. Хөдөлмөр нь нийтлэг бүх салбарт хэрэглэгдэж байгаа үйлдвэр, үйлчилгээ, бүтээгдэхүүний гол орц болдог чухал нөөц.  Тэр утгаараа төр ч бусдын адил ажил олгогч учраас эндээс гаргаж байгаа шийдвэр зах зээлтэйгээ маш уялдаатай байх ёстой. Тухайлбал төрийн секторт хөдөлмөрийг үнэтэй аваад эхлэх юм бол хувийн секторт нөлөөлнө. Хязгаарлагдмал нөөцийн төлөө хувийн сектортой өрсөлдөөд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувийн секторын төлж чадах цалин бол зах зээл дээрх бодит цалин. Гэтэл үүнийг зохиомлоор өндөр үнэлэмж бий болговол хувийн бизнес хаагдах, хүний нөөцөө хумих зэрэг сөрөг үр дагавар бий болно. Тиймээс төр зөвхөн төсвөө харж, цалинг тогтоож болохгүй юм.  Төрийн сектор нийтээрээ бидний хэрэглэж байгаа нөөцийн төлөө бас нэг худалдан авагч болж орж байгаа учраас тэр нөөцийг зүй зохист үнэнд нь байлгахгүй бол эцэстээ улсын эдийн засагт муугаар нөлөөлнө.

-Засгийн газар улс төрийн хувьд хүнд шахалтад орж цалин нэмэхээс өөр арга үгүй болж байх шиг байна. Бүх яамдынхаа урсгал зардлыг танаад нэмнэ гэж мэдэгдэж байгаа?

-Цалин улс төрийн асуудал биш юм. Цалин бол эдийн засаг юм. Хэрвээ цалинг нэмэх, хасах тухай ярих гэж байгаа бол төр заавал судалгаатай, тооцоотой байж, тухайн өөрчлөлт нь бусад салбарт ямар нөлөө үзүүлэх вэ, үр дагавар нь юу юм гэдгийг давхар тооцож ярих ёстой. Зөвхөн төсвөө харж байгаад цалинг ийм хэмжээнд нэмье гэж ярьж байгаа нь хэтэрхий явцуу, бодлогын үр нөлөөгүй, дутуу дулимаг шийдвэр болно гэж хэлмээр байна.

-Цалин нэмэгдсэн ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг байдлыг юу гэж тайлбарлах вэ?

- 2010-2012 онд санагдаж байна, цалинг огцом нэмсэн. Тухайн үед хүн бүр нэмэхийг дэмжиж, шаардаж байлаа. Гэтэл цалин нэмэгдээд инфляц болж, бүх бараа, үйлчилгээний үнэ огцом өссөн. Үүний дараа хүмүүс цалин нэмнэ гэхээр илүү болгоомжтой ханддаг болсон. Цалин нэмэгдээд, миний бодит худалдаа авалт нэмэгдэхгүйг, бүх зүйл үнээс шалтгаалж байгааг ойлгодог болсон. Одоо яригдаж байгаа цалингийн нэмэгдэл бодитой юу гэдгийг үнэ л харуулна. Хэрвээ энэ нэмэгдэл хий хөөрөгдөл бол араас нь зайлшгүй үнэ өснө.

Тэгэхээр цалингийн нэмэгдэл бүтээмжид суурилсан уу гэдэг нь хамгийн чухал. Хувийн секторт зарим байгууллага ялгамжтай цалинг бий болгож, сайн мэргэжилтэндээ өндөр цалин олгож байгаа. Яагаад энэ асуудал үүсэхгүй байна вэ гэхээр цалингийн нэмэгдэл бүтээмжтэй уялдаатай байгаа юм. Жишээ нь сард хоёр бүтээгдэхүүн хийдэг ажилтан бүтээмжээ өсгөөд дөрвөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хүрэхэд цалинг хоёр дахин өсгөж болж байна. Энэ нь байгууллагад ямар ч дарамт байхгүй. Үнийн өсөлт ч гарахгүй. Гэтэл тухайн ажилтны бүтээмж өсөөгүй байхад нь цалинг нэмбэл байгууллагад ч алдагдалтай, бараа бүтээгдэхүүний үнийг ч өсгөх эрсдэл бий болгож байгаа юм. Төрийн сектор бүтээмжтэй ямар ч уялдаагүй нийтээр нь цалинг өсгөх юм бол ийм л үр дүнд хүрнэ гэсэн үг.  Багш, эмч нарын хувьд цалин нэмэгдэх нь сайн мэдээ ч, эцсийн үр дүнд бодит худалдаа авалт өсөхгүй. Тэгэхээр цалин бол улс төрийн асуудал биш, эдийн засаг юм гэдгийг үүгээр хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top