“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлээгүй уул уурхайн компаниудыг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Өнөөдөр “Үндэсний мэдээлэл”-ийн төвд “Ариун суврага хөдөлгөөний тэргүүн” Г.Чагнаадорж, “Монголын байгаль орчин, иргэний зөвлөл"-ийн тэргүүн Д.Ганболд, “Хэрлэнгийн хөдөө арал хөдөлгөөний тэргүүн” С.Дамдинсүрэн, “Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн” Ц.Туяацэцэг нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Тэд Засгийн газраас “Урт нэртэй” хуулийг нэн даруй хэрэгжүүлэхийг шаардаж хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа уул уурхайн компаниудыг шүүхэд өгөхөөр болжээ. 2009 оны долоодугаар сарын 16-ны өдөр УИХ-аас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулийг баталсан. Гэвч энэ хууль хэрэгжихгүй гурван жил болж хугацаа алдсанаас байгаль орчин сүйдэж гол, горхи ширгэж байна. Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 174 тоот тогтоолын 1-р заалтад “Алтны шороон ордын” тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг хавсралт ёсоор баталсан. Энэ заалт нь ойн сан, усны эх бүрэлдэх, усан сан бүхий газарт давхцалтай байгаа 1782 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

2011 онд Ашигт малтмалын газраас дээрх хилийн бүсэд давхцалтай 1782 тусгай зөвшөөрөл байгааг илрүүлж үүнээс эхний ээлжинд алтны 254 шороон ордыг цуцлахаар болсон. Энэ нь жилийн дараа 233 болон цөөрч 2012 оны зургадугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар 242 лицензийг бүрэн түтгэлзүүлж, алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоосон. Лицензүүдийг түдгэлзүүлэх, цуцлах, нөхөн төлбөрийн асуудал яригдаж алтны болон шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэхээр тогтсон байна.

Тэд “Хуулийг хэрэгжүүлэхгүй удааширч байх хугацаанд уул уурхайн компаниуд дотроо хэд хэд хуваагдаж “Мини уурхай нэртэй нинжагийн арми” болон хувирч улам хурдацтай байгалийг сүйтгэж байна. АТГ, МХЕГ-аас алтны компаниудын үйл ажиллагааг зогсоон лацдаж, уулын ажлын төлөвлөгөөг батлаагүй, орон нутгийн иргэд ч тэдэнтэй ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй байхад тэд дур мэдэн үгсэн хуйвалдаж, олсон ашгаараа нөхөн сэргээлт хийх нэрийн дор олборлолт явуулсаар байна. Хуулийг хэсэгчлэн бус бүхэлд нь хэрэгжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэхийг Засгийн газарт шаардаж нөхөн сэргээлт хийгээгүй болон ашиглалт явуулж байгаа уул, уурхайн компаниудыг шүүхэд өгч нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах болно” гэдгээ мэдэгдсэн юм.

Д.Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top