Төрийн халамжийг “хүртээх” төдий биш “хүргэх” зарчим баримтлана гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан анх удаа “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөнийг төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газар,  Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Хадгаламж банктай хамтран зохион байгуулав.

Үндэсний зөвлөлдөх уулзалтад Монголын ахмадын холбоо, ахмадын чөлөөт холбоо, ахмад дайчдын холбоо, ардчилсан ахмадын холбоо, МАН-ын ахмадын холбоо зэрэг  10 гаруй холбоо, зөвлөлийн   300 орчим ахмад, албаны хүмүүс уригдан  оролцлоо.

Зөвлөгөөнд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого”, “Тэтгэвэрийн даатгалын шинэчлэл”, “Ахмад настны нийгмийн халамж, үйлчилгээг сайжруулах бодлого”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бодлогоын шинэчлэл”, “Эрүүл насжилтын талаарх бодлого” зэрэг  ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг тусгасан  чухал илтгэлүүдийг уригдан ирсэн албаны болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид тавив.

Ахмадуудад чиглэсэн үндэсний хэмжээний зөвлөгөөн гэдгээрээ анхдагч энэ арга хэмжээний үр дүнд  “Ядууралд өртсөн ахмад настан, асран халамжлах хүнгүй ганц бие ахмадуудад үзүүлэх төрийн халамжийг “хүртээх” төдий биш “хүргэх” зарчим баримтлан ахмад настнуудын өмнө тулгамдаад буй тэтгэвэр тэтгэмж, халамжийн асуудлаар шинэчлэл” хийгдэх үндэс суурь тавигдана гэж  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ илтгэлдээ онцолж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top