Ахлагч нарын зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Завхан аймгийн Цагдаагийн газраас ахлагч нарын анхдугаар зөвлөгөөн энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Улиастай хотод боллоо. Зөвлөгөөнийг Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Нутгийн ордны хурлын танхимд зохион байгуулж, Цагдаагийн газрын хэлтэс, тасаг, хэсгийн нийт ахлагч бүрэлдэхүүн хамрагдлаа.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд нутгийн захиргааны байгууллагын болон Цагдаагийн газрын удирдлагууд оролцож, Завхан аймгийн 2013 онд ажлын үндсэн чиглэл, Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтын явц, Цагдаагийн албаны тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн талаар холбогдох мэдээллүүдийг хийж тэдний санал бодлыг сонслоо. Мөн тус Цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа А.Долгоржав, НХЖХГ-ын 2012 оны ажил мэргэжлийн аварга хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Амгаланбаатар нар ажлынхаа дадлага туршлагаасаа хуваалцлаа.

Мөн зөвлөгөөний үеэр нууц санал хураалтаар “Цагдаагийн газрын тэргүүн ахлагч”-ийг сонгосон нь нилээд шинэлэг зүйл байлаа. Цагдаагийн газрын тэргүүн ахлагчаар, Улиастай сумын Жинст багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаярыг олонхийн саналаар сонгов.

Цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагчдыг нутгийн захиргааны болон Цагдаагийн газрын шагналаар шагнаж урамшууллаа.

Зөвлөгөөнд оролцогчдыг идэвхижүүлэх зорилгоор ахлагч нарын дунд Цагдаагийн газрын аварга багийг шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор АКМ бууны задаргааны тэмцээнүүдийг тус тус зохион явууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд сумдын ахлагч нар харъяалах тойргийн цагдаагийн хэсэг, тасаг, хэлтсээрээ багт хуваарилагдан оролцсон ба төвийн ахлагч нар 3 багт хуваагдан, нийт 8 баг оролцлоо. Тэмцээнд багууд авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцсоноос 1 дүгээр байранд цагдаагийн ахлах ахлагч Ж.Гантулга ахлагчтай Тосолцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн баг тамирчид тэргүүлж, алтан медаль, мөнгөн шагналаар , 2 дугаар байранд цагдаагийн дэд ахлагч Г.Анхбаяр ахлагчтай Хэв журмын тасгийн 1-р багийн тамирчид удаалж мөнгөн медаль, мөнгөн шагналаар, 3 дугаар байранд цагдаагийн дэд ахлагч Г.Угтахбаяр ахлагчтай Хэв журмын тасгийн 2-р баг тамирчид орж, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

АКМ бууны задаргааны тэмцээнд 24 ахлагч оролцож авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцсоноос 18 эмэгтэй тамирчдаас цагдаагийн ахлагч Ц.Цэдэндамба тэргүүлж, цагдаагийн дэд ахлагч Б.Пүрэвзэгд удаалж, цагдаагийн ахлах ахлагч М.Амгаланбаатар гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top