Микроныхон гэж зорчигч, жолооч, замын цагдаа нарын үйлийг үзэж, үгийг хэлүүлсэн хэсэг бүлэг нөхдүүд байх юм. Байнга дүрэм зөрчиж, зүв зүгээр явж байгаа жолооч нарт гай болно,замын цагдаад ажил удна. Зорчигчдоо хурдан буу, суу, бушуул түргэл гэж загнана, харьцааны соёл, ухамсар гэж ярихаас ч санаа зовмоор улсууд.
Өнөөдөр өглөө ажилдаа ирэхдээ жолооч, кондуктортой нь муудалцаад замынхаа голд хаягдлаа. Тодруулбал Цагаан даваа-Вокзал чиглэлийн микроавтобусанд шопрот болоод сууж байтал жолооч эмэгтэй нь юм л бол “П”-ээ дуудаж, буудал бүрт зорчигчдоо бушуу түргэн бууж, суу гэж цэргийн дарга шиг үүрэгдэх юм. Үүнийг нь таван буудал тэсэж зургаа дахь дээр нь хэлтэл кондуктор нь “Хүүш ямар сонин юм” гэж хялалзаж зэхэлзээд эхлэв. Үүгээр ч зогссонгүй жолоочийн “аймаар” үгийн дайрлагад дарууллаа. Тэсэлгүй “Хялалзаж зэхэлзээд, хүүш гээд байх зүйлгүй үнэнг чинь хэлж байна” гэснээр энэ удаагийн маргаан өндөрлөв. Тэгтэл миний сууж явсан микро цагаасаа хоцорч явсан бололтой юм, замын хөдөлгөөний дүрмийг бөөнөөр нь зөрчиж байнаа. Тэгтэл бас болоогүй “Дөрвөн зам буух нь энд буугаарай, Гранд дээр зогсохгүй шүү” гээд замын голд буулгачихлээ. Ингэхдээ мэдээж хэрэг замын цагдаагийн нүдийг хариулж байгаа харагдсан.
Бас нэг жишээ. Дөрвөн замаас Оффицеруудын ордоны чиглэлд хэдэн жилийн өмнө нэг маршрут байгаад хүчингүй болсон юм. Тэр маршрут өнөөдөр шөнө оройн цагаар гарч ирдэг. Тэгэхдээ хаашаа ч явсан 1000 төгрөгөөр үйлчилдэг. Бас л хоорондоо уралдана. Харин албан ёсны чиглэлээр явдаг хэд нь 500 төгрөг гэсэн тарифаа 700 болон түүнээс ч дээш хэмжээгээр өсгөж байгаа. Хэлэхээр хэрүүлийн нэмэр болно.
“Том” мөнгө өгөхөөр явж байгаад хариултыг чинь өгье гэнэ. Тэгээд нэхэхээс нааш хариулж өгнө гэж байхгүй. Заримдаа ч мартаад буух тохиолдол ч бий. Улмаар өнөөх том мөнгө нь кондукторын аз болно.
Нийтийн тээвэрт чихцэлдэж ядаж байхад жолооч нь зүрх амаар гаргам хурдална. Ингэхдээ дүрэм зөрчинө. Хүсээгүй “жанр”-ын дууг чих дөжиртөл чангална. Охин найрч утсаар ярингаа жолоо мушгина, хэлэхээр элдэв дээдээрээ дуудуулна. Дээрээс нь тэр ариун цэврийг сахинаа л гэж байхгүй. Мөнгөө өгөхөөс ч сэжиглэм хав халтар гартай кондуктор нь бууж суухад туслах үүрэгтэй ч үндсэн ажлаа хийлгүй ангайгаад л хараад зогсоод байдаг.
Энэ бүхнээс гадна өчнөөн асуудал бий. Дээрх үзэгдэл бол дийлэнх микро автобусанд нийтлэг үзэгдэл болсон. Нийслэлийн нийтийн тээвэр болон Замын цагдаагийнха мэдээлэл ирээгүй, биднийг харахад дүрэм зөрчөөгүй гэдэг. Тэгвэл одоо энэ жижүүрийн үгээ ч боль, хэрэгтэй хэрэггүй сарын аян явуулахаа ч боль. Үр дүнгүй дэмий цагны гарз.
Бүх жолооч кондуктороо ёс зүйн сургалтад хамруулж байя. Хүүхэд хөгшидийн дэргэд эрээ цээрээгүй хараал хэлж байгаа тухайн хүний ухамсарын түвшинг илтгэж байгаа хэрэг. Тэгэхээр тэдгээр ухамсаргүй нөхдийш ухамсартай, хариуцлагатай болтол нь ярих хэрэгтэй биз. Нэгэнт ухамсартай нь яриад ойлгохгүй бол шууд л жолоо барих эрхтэй нь ярих хэрэгтэй. Хасаад хасаад болохгүй бол микро автобусыг нь журмын хашаанд андын царай харахгүй тавих. Улмаар дээрх алдаа цөөнгүй гаргасан нийтийн үйлчилгээнд үйлчилж байгаа газруудыг нэг мөсөн хаагаад бусдад нь боломжийг нь олгочих. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа тохиолдод ахиц дэвшил гарч л таараа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )