Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсэдэлдт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байдаг. Тэгвэл манай улсын хувьд агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрээд байгаа. Энэ нь та бидний хайртай үр хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлт, дахлааны байдалд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн жин нэмэгдэж, цээжний тойрог багасаж байгаа байдал баталж байгаа хэрэг юм.
Үүгээр ч зогсохгүй агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлдэг нийслэлийн 306,000 автомашины утаа хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл машины утаа ихтэй хот, суурин газрын хүүхдүүд цэвэр агаарт амьдардаг үеийнхнээсээ IQ буюу оюун ухааны түвшингээрээ хавьгүй дор болохыг шинжлэх ухааны судалгаа нотлогдсон байх юм. Тодруулбал Харвардын Их сургуулийн доктор, судалгааны багийн ахлагч Шакира Франкогийн үзэж байгаагаар автомашинаас ялгардаг утаа тортог нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдүүдийн оюун ухаанд тэдний эх нь жирэмсэн үедээ өдөр бүр арваас доошгүй тамхи татаж байсантай тэнцэх хэмжээний хор уршгийг учруулдаг байна. Автомашинаас шалтгаалсан агаарын бохирдол нь зүрх-судас болон амьсгалын замын эрхтэнд хортой нөлөөлдөг болохыг судалгаагаар хэдийнэ нотолсон боловч хүний оюуны чадварт ноцтой ул мөр үлдээдэг болох нь тун бага судлагджээ. Эрдэмтэд судалгаандаа Бостон хотод амьдардаг 8-11 насны 200-гаад хүүхдийг хамруулсан аж. Тэдний танин мэдэхүйн чадварыг сорилын тусламжтайгаар тодорхойлоход агаарын бохирдолтой хотод аж төрдөг хүүхдүүд үеийнхнээсээ оюуны чадварын хувьд сайнгүй болох нь тогтоогджээ. Мөн эрдэмтэд уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхийн боловсрол, гэр бүлийн байдал, төрөх үеийн биеийн жин, тамхины утаанд өртөмтгий эсэх зэрэг хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулсан боловч үр дүн урьдын адил гарчээ. Автомашинаас үүдэлтэй агаарт тархсан хорт хийн улмаас хүүхдүүдийн IQ буюу оюун ухааны түвшин дунджаар 3.4 шатлалаар доошилдог болохыг судалгаагаар баталсан байна. Ялангуяа агаарын бохирдол дунд өдөр тутмын амьдралаа өнгөрөөдөг хүүхдүүд үгийн баялаг, ой санамж, мэдлэгийн сорилд муу дүн авчээ.
Тэгэхээр агаарын бохирдлоо бууруулахгүй бол Монголын ирээдүй бүрхэг байгааг дээрх тоог үзүүлэлт батлаад өгч байгаа биз. Одоо бид бүхэн хүүхэддээ чанартай хоол хүнс өгч, агаарын бохирдлыг бууруулахад төр засагтай хамт ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна. Та нэг бодоод үзээрэй.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )