Рио Тинтод мөнгө байлаа гээд гэрээ бол гэрээ!

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Энэ сарын сүүлээр үргэлжлэх “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг  том төслийн шимийг үзэхээр нэг цэгт уулзсан талуудын тодорхой бус асуудлууд дээрээ тохиролцоод урагшлах талбар гэж харах нь зөв юм. Зургааны өдөр болсон хурал дээр хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн зүгээс “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг хөндсөн бол манай талаас  Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зургаан гол асуудлыг гарган тавьсан байгаа.

Тэдгээрийн нэг нь Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгаан, түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх асуудал. Тэгвэл Оюу Толгойн ХХК-ийн зүгээс хувь нийлүүлэгчдийн хурлын талаар гаргасан мэдэгдэлд Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Эндрью Хардинг “Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй хувь нийлүүлэгч талд өргөн барьсан төсвийн хүрээнд Оюу Толгойн бүтээн байгуулалт, барилгын ажлыг товлосон хугацаанаас өмнө хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн долоо хоногт бид анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэн гаргалаа. Төлөвлөсөн ёсоор 2013 оны эхний хагаст багтаан бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагааг эхлүүлнэ.  Хэдий тийм боловч бүх хувь нийлүүлэгчид төслийн хэрэгжилтийн талаар тодорхой асуудлууд дэвшүүлж байна. Тэдгээрийг энэхүү хурлаар нухацтай, тал бүрээс нь хэлэлцэж санал бодол солилцох боломж олдсон юм” гэжээ.

Харин Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей  “Дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох Оюу Толгойд санхүүжилт хийх, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэл явуулах нь өргөн цар хүрээтэй ажил юм.  Бид бүх хувь нийлүүлэгч талуудад төслийн санхүүжилт, зардал, үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулж ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөндөж дэвшүүлсэн асуудлыг тодорхой болгох үүднээс цаашид ч илэн далангүй, нээлттэй хэлэлцэж, ярилцах болно” гээд Оюу Толгойн бүтээн байгуулалтад 6.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэ нь 2010 оны 12 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Монголын Засгийн газрыг төлөөлсөн хувь нийлүүлэгчид өргөн барьсан ТЭЗҮ-д тусгасан төсвийн хүрээнд явагдаж байгаа гэсэн мэдээллийг хийжээ.

Гэтэл манай талаас УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Тиймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавиад байгаа. Төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24,4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргачихаад сууж байгаа. Тиймээс Засгийн газар УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар хөрөнгө оруулагчдаас тайлбар хүсээд байгаа юм.

Харин хувь нийлүүлэгчдийн хурлын өмнөх өдөр Оюутолгойгоос гаргасан мэдэгдэлд бол  “2012 оны аравдугаар сарын 31-ний байдлаар Оюу Толгой ХХК-ийн санхүүгийн тайланд нийт хөрөнгө 7.4 тэрбум ам.доллар гэж тусгагдсан бөгөөд үүнд 6.6 тэрбум ам.долларыг төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд, зээлийн хүүнд 0.5 тэрбум, хоёрдугаар шатны бэлтгэл ажилд 0.2 тэрбум, нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан 0.1 тэрбум ам.доллар тус тус багтаж байгаа.

Оюу Толгойн хувьд Засгийн газар тус компанийн 34 хувийн хувьцааг худалдаж авах сонголтыг хийсэн. Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү 34 хувийн санхүүжилтээ бусад хувь нийлүүлэгчдээс зээлэх  сонголтыг мөн хийсэн. Эхэндээ хувь нийлүүлэгчид энэхүү зээлийн хүүг хэрэглээний үнийн индексийн +9.9 хувиар тохироод байсан бол хөрөнгө оруулагчид үүнийн ЛИБОР (Лондонгийн банк хоорондын зээлийн хүүгийн хэмжээ) +6.5 хувийн хүүгээр тооцож бууруулсан.  Ингэснээр хөрөнгө оруулагчид зээлийн хүүг 3 хувиар бууруулсан.” Бизнес ашиггүй ажилласан тохиолдолд Эрдэнэс Оюу Толгой ХХК энэхүү зээлийг эргэн төлөх үүрэг хүлээхгүй. Тиймээс төсөл ямар нэгэн байдлаар амжилтгүй болж, зээлийг эргэн төлөхүйц хангалттай ашигтай ажиллаж чадаагүй тохиолдолд Монголын Засгийн газар ямар нэгэн байдлаар тухайн зээлийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд харин бүх санхүүжилтийг гаргасан хөрөнгө оруулагчид эрсдлийг үүрнэ. Мөн хамгийн чухал нь Эрдэнэс Оюу Толгой ХХК нь 34 хувийн санхүүжилтээ бага хүүтэйгээр бусад эх үүсвэрээс олж төслийг санхүүжүүлэх эрх нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр нээлттэй байгаа гэх мэдээллийг хийсэн. 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар өөрийн мэдлийн хувиа хөрөнгө оруулагчийн өндөр зардлаар хөдөлгөөнд оруулсныхаа дараа ногдол ашиг гэж хүртээд байх юмгүй сууж байхын оронд өөрсдөө боломжтой бол бусад эх үүсвэрээс босгосон ч болох тухай энд ярьж байна.

Ямартай ч Оюутолгойн зүгээс гадагшилсан мэдээллүүдээс харахад анхны хөрөнгө оруулалтын хувь хэмжээнд өөрчлөлтүүд байна. Оюу Толгой ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг Туркуаз Хилл Ресурс (хуучин нэрээр Айвенхоу Майнз) эзэмшиж байгаа. Харин Туркуаз Хилл Ресурс компанийн 51 хувь буюу хувьцааны хяналтын багц нь Рио Тинтогийн эзэмшлийнх. Тэгэхээр эцсийн дүндээ Монголын Засгийн газар, Рио Тинто хоёр л ойлголцож байж Оюутолгойг урагш нь дахиад хэд, хэд алхуулна.

Манай хувьд шаардлага тавиад байгаа 6 асуудлууд нь шийдвэрлэгдэхгүй  бол үл ойлголцол үүсч, төслийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдах боломжгүй ч болж мэдэх талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. Бодит нөхцөл байдлаа харахад төсөл ухрах ёсгүй. Гэхдээ зөв урагшлах ёстой. Австрали, Хойд Америкт голчлон төвлөрч, Европ, Ɵмнɵд Америк, Ази, Африкт түлхүү үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто  группийн  мөнгөөр Оюутолгой хөдөлж байгаа нь үнэн. Гэхдээ  Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто плс болон Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто лимитэд компаниудыг нэгтгэсэн олон улсын тэргүүлэх уул уурхайн мөнгөтэй групп байлаа гээд гэрээг цагаан цаас шиг санах учиргүй.

Э.Болорхажид 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top