ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авлигатай эрчимтэй тэмцэж, улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг Улсын думдаа хэлэлцүүлэхээр оруулсан байна.
В.Путиний санаачилсан хуулийн төслийн гол агуулга нь улс орны тусгаар тогтнолыг хөндөх шийдвэр гаргах түвшний түшмэдийг авлигад автуулахгүйн тулд хөрөнгийг нь хянах. Түүнчлэн гадаад улс, компанийн үнэт цаастай байхыг хориглосон төдийгүй хилийн чанадад данстай байхыг шууд хориглож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл улс орныхоо шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалтнуудыг гадаадад буй дансаа хаахыг үүрэгдэж байгаа гэсэн үг. Данс хаах арга хэмжээнд өндөр албан тушаал хашиж буй төрийн албан хаагчдаас гадна тэдний эхнэр болон насанд хүрээгүй хүүхдүүд ч хамрагдана.
Тодруулбал, “Гадаад улс, компанийн үнэт цаас, хилийн чанадад данстай байхыг хориглосон хууль” нь ОХУ ба бүс нутгийн түшмэд, хүчний тусгай газрын төлөөлөгчид, түүнчлэн санхүүгийн удирдлагаас гадна төрийн корпораци ба төрийн оролцоотойгоор байгуулсан сангийн удирдлагыг хамрах аж.
Эдгээр албан тушаалтнууд нь гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байж болох бөгөөд үл хөдлөх хөрөнгөө олон нийтэд зарлан ил тодорхой байлгах үүргийг хуулиар хүлээнэ. Ингэснээр өндөр албан тушаалтны хөрөнгө, орлого нь бүх оросын ард түмний нүдэнд ил болохоос гадна авлигаас ангижрах том алхам болно хэмээн тооцоолж байгаа юм.
В.Путин “цэргүүдээ” ийнхүү “журамласнаар” хэн нэгний хувийн өмчид халдаж, хувийн нууцыг задруулсан асуудал болохгүй. Харин үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ хэмээн үзэж байгаа бол Холбооны зөвлөлийн дэд дарга Александр Трошин “Хэрэв түшмэл ба түүний төрөл төрөгсөд гадаадад данс буюу хувьцаатай байвал тэр нь тухайн хүнд шахалт үзүүлэх хөшүүрэг болно. Үүнээс гадна энэ нь авилгалтай хийх тэмцлийн чухал хэсэг юм. Учир нь авлигын томоохон бүдүүвч ОХУ-ын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй байна. Гадаадад байгаа дансыг өргөн хэрэглэж байна. Түүнээс гадна түшмэл нь эд хөрөнгөө өөрийн эх орондоо байлгавал улс орныхоо эдийн засгийг анхааран халамжилж байгаа хэрэг болно” хэмээн үзэж байна.
Тиймээс түшмэд ба парламентын гишүүд хууль батласнаас хойш гурван сарын дотор гадаадын банкуудад буй дансаа хааж, гадаадын үнэт цааснаас ангижрах ёстой юм. Хэрэв эс зөвшөөрч дансаа хаагаагүй тохиолдолд эрх мэдлий нь хасаж хязгаарлах хүртэл арга хэмжээ авна.
Мөн гэмт хэрэг хэмээн үзэж төрийн албан хаагчдыг шалган, байцааж үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдэх аж.
Түүнчлэн хууль сахиулах байгууллага нь Олон нийтийн танхим, Төв банк, улсын холбооны албан байгууллага, улс төр олон нийтийн нэгдлийн талаар “но”-той, “ноц”-той баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тохиолдолд баримтуудыг үндэслэн шалган байцаах үйл ажиллагааг үүсгэх бөгөөд нэр усыг нь дурьдаагүй мэдээ баримтыг авч үзэхгүй байхаар “суулгаж” өгчээ.
Ж.Наран

Сэтгэгдэл ( 0 )