“Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх” сургалт боллоо. Сургалтад магадлан итгэмжлэлийн сонгогдсон шинжээчид оролцсон бөгөөд тэдэнд эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, хяналт, шинжилгээ үнэлгээ хийх арга зүй, байгууллагын хөгжил, соёл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, үнэлгээ, шинжээчийн үүрэг, хариуцлага, ёс зүйн асуудал, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвүүдээр шинэ мэдээллийг хүргэжээ.
ЭМЯ-ны магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сонгон шалгаруулалттыг нээлттэй зарлаж, шинжээчид нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг хүлээн авч судлах, Магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, нэр дэвшигчидтэй Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар биечлэн уулзах зэргээр сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар явуулсан байна.
Шинжээчид эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуурын дагуу удирдлага, бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээний технологи, халдварын хяналтын үйл ажиллагаанд үнэлгээ хийх арга зүйтэй бөгөөд мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хөндлөнгийн шинжээчид байдаг аж.
Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн “Магадлан итгэмжлэлийн шинжээчдэд эрх олгох тухай” 20 тоот тушаалаар 52 шинжээчид эрх олгосны дагуу сургалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар шинжээчдэд үнэмлэх гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )