Хойд Солонгосын залуу удирдагч цөмийн туршилт хийн дэлхий дахиныг айлгаад байгаатай зэрэгцэн Сенкакү аралд эзэн суух хүсэлтэй Хятад, Япон хоёр улсын хооронд үүссэн маргаан намжих янз алга байна. БНХАУ-ын эргүүлийн гурван хөлөг онгоц өчигдөр Сенкаку арлууд орчмын бүст цөмрөн орсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Япон улсын тухайд Хятадын энэхүү үйлдлийг өөрийнх нь нутаг дэвсгэрт дураар халдсан явдал боллоо гэж үзэж байгаа аж. БНХАУ-ын хувьд хөлөг онгоцуудаа анх удаа илгээгээд байгаа хэрэг биш. Японы эрх баригчид хөрөнгөтнүүдээсээ Сенкакү арлуудын гурвыг нь худалдан авснаа ил болгосны дараачаас эхлэн Хятадууд дүрэлзээд эхэлсэн. Тэгэхдээ Хятадын эрх баригчид гэхээсээ илүүтэй энгийн номхон ард иргэд нь үй олноороо Японы энэхүү алхмыг эсэргүүцэн, тэмцэл өрнүүлж наран улсын туг далбааг гишгэлж, шатааж бухимдлаа илэрхийлцгээсэн билээ. Түүнчлэн Хятадын хөлөг онгоцууд Сенкаку арлууд орчмын бүс рүү чиглэж, Япон болон Америкийн эрх баригчдад таагүй сэтгэгдлийг төрүүлэх болсон. Уншигч танд Сенкаку арлын маргаантай холбоотой нийтлэлийг өнгөрөгч долоо хоногт хүргэсэн билээ. Ер нь бол 1970 оны сүүлээр Зүүн Хятадын тэнгисийн эх газрын хормой дахь газрын тосны нөөцийг хөгжүүлэх тухай яригдаж эхэлснээс хойш Хятадын засгийн газар болон Тайваний удирдлагын зүгээс Сенкакү арлуудын талаархи асуудлыг тавьж эхэлсэн гэдэг.
Тэгвэл өнгөрсөн түүхийн баримтаас харахад Хятад улс Сенкаку арлуудыг Япон улсынх гэдгийг хүлээн зөвшөөрсөн хандлага бүхий албан ёсны баримтууд ч үлдсэн байх аж. Тухайлбал, Нагасаки дахь Хятадын консулаас ирүүлсэн талархлын захидалд дараах зүйлийг өгүүлсэн байдаг аж. Захидалд:
Нагасаки дахь Хятадын консулаас ирүүлсэн талархлын захидал
Бүгд найрамдах Хятад улсын 8 дахь оны (1919) өвөл Фүжиан мужийн Хуйан дүүргийн 31 загасчин шуурганд төөрч Японы эзэнт гүрний Окинава мужийн Яэяама дүүргийн Сэнкакү арлуудын Уайо арлын эрэгт осолдон газардсан билээ.
Японы эзэнт гүрний Яэяама дүүргийн Ишигаки тосгоны иргэд аврах ажиллагааг эрчимтэй явуулсны үр дүнд тэд эх нутагтаа эсэн мэнд эргэн ирж чадлаа. Сайхан сэтгэл гарган аврах ажиллагааг хичээл зүтгэл гарган гүйцэтгэсэн тосгоны иргэдэд гүн хүндэтгэлээ илэрхийлэхийн хамт уг захидлаар дамжуулан талархал илэрхийлье.
Нагасаки хотод суугаа Бүгд найрамдах Хятад улсын консул
Бүгд найрамдах Хятад улсын 9 дахь оны (1920) 5 дугаар сарын 20-ны өдөр “ гэсэн байх аж. Тэгэхээр 1920-оод оны үеийн БНХАУ-ын байр суурь бол Сенкаку арлуудыг Японых гэдгийг хүлээн зөвшөөрч байж гэж эндээс ойлгогдож байгаа биз ээ.
Тэгвэл Япон Улсын Засгийн газар Сенкаку арлуудын нэг хэсэг болох Үоцүри, Китакожима болон Минамикожима арлуудыг өөрийн мэдэлд авах болсноо арлуудыг урт хугацаанд тайван замаар тогтвортойгоор зохицуулан удирдахын сацуу Сенкакү арлуудын хооронд болоод эргэн тойронд нь далайн тээврийн аюулгүй үйл ажиллагааг хангахад оршиж байгаа гэсэн байх юм.
Үоцүри, Китакожима, Минамикожима гэх гурван арал нь 1932 онд хувь хүн худалдан авах хүртэл Япон улсын Засгийн газрын эзэмшилд байсан гэнэ. Тус улсын Засгийн газраас эдгээр арлуудыг эзэмшилдээ буцаан авах шийдвэр гаргасны дүнд дотоодын хуулийн дагуу бодит хөрөнгийг шилжүүлэх ердийн үйл ажиллагаа явагдсан бөгөөд энэ нь өнөөгийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн хэрэг огт биш. Бусад улс орон, бүс нутагтай аливаа асуудал үүсгэх учиргүй. Түүнчлэн Засгийн газар нь Сенкакү арлуудын бүрэлдэхүүнд орох Тайшоо арлыг өмчлөх эрхээ тууштай хадгалсаар ирсэн гэсэн байна.
Харин сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүгээс усан хилийг идэвхийлэн зөрчих болж, Сенкакү арлууд орчим өдөөн хатгалгын шинж бүхий үйлдлүүдийг гаргах боллоо. Улсын эзэмшлийн хөлөг онгоц болоод идэвхтэн тэмцэгчдийн завь Япон улсынусан хилийг нэг бус удаа зөрчсөн нь Япон улсын хувьд сэтгэл улам ихээр зовоосон явдал болоод байна. Ийм нөхцөлд Токио хотын захиргааны зүгээс Сенкакү арлуудыг худалдан авах төлөвлөгөөг гаргасан билээ. Япон улсын Засгийн газар нь БНХАУ-ын талаас гаргаж буй мэдэгдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэдий ч, зарим үйлдлүүд нь хэрэг дээрээ Япон-Хятадын харилцаанд ноцтой аюул учруулж болзошгүй хэмээн зовниж байна. Энэ утгаараа, энэ удаагийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа нь арлуудыг тайван замаар, тогтвортойгоор урт хугацаагаар зохицуулан удирдах явдлыг бататгах хамгийн оновчтой бөгөөд сайн арга байсан юм.
Япон улсын хувьд Япон-Хятадын харилцаа нь хамгийн чухал хоёр талт харилцаануудын нэг билээ. Ази, Номхон далайн бүсийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд Хятад улсын гүйцэтгэж буй үүрэг нэн чухал. Дээрхи асуудал нь Япон-Хятадын харилцаанд сөрөгөөр нөлөөхийг Япон улс хүсэхгүй байгаа. Япон улс нь Хятад улстай стратегийн нэгдсэн ашиг сонирхолд тулгуурласан харилцан ашигтай харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Дорнод Хятадын тэнгисийг “энх тайван, хамтын ажиллагаа, нөхөрлөлийн тэнгис” болгохын тулд хоёр орны хооронд тохиролцсон “Зургаан санаачлага”-ын хүрээний “Далай, тэнгисийн асуудлаарх Япон-Хятадын өндөр хэмжээний зөвлөлгөөн”-өөр дамжуулан хоёр орны далай, тэнгисийн асуудал хариуцсан байгууллага хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэсэн албан ёсны байр сууриа Япон улсын зүгээс илэрхийлээд байгаа юм.
Харин БНХАУ-ын тухайд Япон Улсын энэхүү байр суурийн эсрэг байгаагаа үйлдлээрээ харуулсаар байна. Эргүүлийн гурван хөлөг онгоцоо өчигдөр Сенкаку тийш илгээсэн нь өдгөө цэрэгжсэн байдалд байгаа наран улсын зэвүүг хүргэж байгаа биз ээ. Ер нь Япон улс юуны төлөө цэрэг дайны бэлтгэл хангаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болов..
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )