Интерпол-д итгэх үү, эсвэл Т. Аятунгаад уу

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Интерпол-оор эрэн сурвалжлагдаж байна хэмээн сүүлийн өдрүүдэд сенсааци дэгдээгээд байсан Т.Аятунгаа өнөөдөр Улаанбаатар хотод хэвлэлийн хурал зарлан хуралдуулж байгаа нь энэ Интерпол гэдэг чинь ямар учиртай байгууллага юм бэ гэсэн сонин эргэлзээтэй байдлыг олон нийтэд үүсгээд байна. Уг нь бид ойлгохдоо, хаанаас ч хайгаад олдохгүй байгаа “хүнд гаруудыг” л Интерпол-оор эрэн сурвалжилдаг гэж боддог. Гэтэл нөгөө хүн нь эх орондоо зүв зүгээр, хэвлэлийн хурал хийгээд сууж байдаг!

Интерпол гэдэг нь Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллагын товчилсон нэр юм.  1956 оноос үүсэлтэй түүний үндсэн зорилго нь өөрийн гишүүн орнуудын үндэсний хууль сахиулах байгууллагуудын хүчин чармайлтыг эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх салбарт нэгтгэн ажиллах явдал билээ.

Анх 1914 онд Монако улсын ван Альберт I-ийн идэвхтэй оролцоотойгоор 14 орны цагдаагийнхан оролцсон, Олон улсын эрүүгийн цагдаагийн анхны конгресс хуралджээ. Энэхүү конгресс дээр олон улсын эрүүгийн цагдаагийн зөвлөлийг байгуулах санаачлага дэмжигдсэн боловч тухайн үед Дэлхийн нэгдүгээр дайн саад болсон аж.

1923 онд Вена хотод олон улсын эрүүгийн цагдаагийн 2 дахь конгресс дээр тодорхой хүрээг хамарсан Эрүүгийн цагдаагийн олон улсын комисс байгуулагдсан ба Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд ор нэр төдий үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байжээ. Комиссын даргын захирамжаар цагдаагийн тэргүүн нь эхлээд Австри улс байсан бол, 1938 оноос фашистын Герман эрхийг авч, Интерполын штаб-байр Берлинд шилжин, ерөнхийлөгчөөр нь СС-ийн генералууд болох Райнхард Гейдрих /1940-1942/, Артур Небе /1942-1943/, Эрнст Кальтенбруннер /1943-1945/ нар ажиллаж байжээ. Эдгээр жилүүдэд оролцогч орнуудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоон, Интерпол мөн чанартаа олон улсын хэмжээний байгууллага биш болсон байна.

Ингээд 1946 онд штаб-байрыг Парис руу шилжүүлснээр Интерпол дахин сэргэж эхэлжээ. Одоогийн мөрдөгдөж буй журам 1956 онд батлагдсан аж. Энэ үед Интерпол гэсэн шинэ нэрийг байгууллагадаа өгчээ.

Хожим нь 1989 онд Интерполын төв байр Лион-д шилжин, энэ хотод тус байгууллагын супер цогцолбор байгуулагдсан байна.

Одоогийн байдлаар Интерпол дэлхийн 190 орныг нэгтгэсэн , гишүүн орны тоогоороо НҮБ-ын дараа дэлхийд хоёрт орох олон улсын том байгууллага юм.

 Д.Мягмарсүрэн 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top