Аврах, гал унтраах анги, шуурхай бүлгийг нэмж байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Онцгой байдлын ерөнхий  газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж  энэ өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, “Шуурхай бүлэг-105”, дүүргүүдийн гал унтраах анги, аврах салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзан тэдний ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, ажиллах орчин, багаж, техник хэрэгслийн хангалттай биечлэн танилцаж байна.

Хүн амын нягтрал сууршилттай холбогдуулан нийслэлийн хэмжээнд гарах аюулт үзэгдэл, ослын гаралт сүүлийн жилүүдэд ихэсч, учрах хохирлын хэмжээ буурахгүй байна. Тухайн орон нутгийн онцлог, хүн амын нягтрал, дэд бүтэц зэргийг харгалзан нийслэл төдийгүй зарим аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд, аврах, гал унтраах анги салбарын зэрэглэл, бүтцэд өөрчлөлт оруулж  эхлээд байна. Нийслэлийн зарим дүүрэг болон томоохон хотуудад аврах “Шуурхай бүлэг 105”-ыг ч нэмж байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хувьд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, салаа, бүлгийн үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилтыг энэ жил дэвшүүлэн ажиллаж байгаа, нийслэлийн хүрээний анги салбарын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулахад энэ онд 9.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Сургалтын дадлагын цогцолбор байгуулах, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны зардлын нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа НОБГ-ын удирдлага хэлж байлаа. Мөн Дарь Эх, Хайлааст, Дамбадаржаа, Өлзийт хороолол  зэрэг алслагдсан дүүргүүдэд аврах, гал унтраах анги байгуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргаснаа танилцууллаа.

Иргэдийн зүгээс сүүлийн үед “Шуурхай бүлэг-105”-д хандах, тусламж, үйлчилгээ хүсэх нь ихэссэнтэй холбогдуулан ачаалал ихтэй ажиллах болсон. Тус бүлгийн албан хаагчид байгуулагдсанаас хойш 2500 гаруй удаагийн дуудлагаар 1800 гаруй, өнгөрсөн онд 233 удаагийн дуудлагаар ажиллаж 136 том хүн, 19 хүүхдийн амь насыг аварсан байна. Дуудлагын ихэнх буюу 70 гаруй хувийг зам тээврийн осол, барилга байгууламжийн нуранги, амиа хорлохыг оролдох дуудлагууд зонхилдог байна.

Өндөр байшин барилга, өндөр хүчдэлийн шугам дээр авирч үсрэн амиа хорлох оролдлогын дуудлага гэхэд сүүлийн 5 жилд 40 гаруй удаа бүртгэгджээ. Ийм төрлийн дуудлагаар ажиллахад аврагчдад аврах хоолой, хийлдэг тавцан дутагдалтай байдгийн дээр аврагчдын өөрсдийн аюулгүй байдал нэн эрсдэлтэй байдаг. Амиа хорлохыг завдсан дуудлагаар ажиллах үеэр аврагчид өөрсдөө бие эрхтэнээ гэмтээх, өндөр хүчдэлд цохиулан түлэгдэх зэргээр гэмтэх тохиолдол их байдаг байна. Мөн цацраг химийн багаж хэрэгсэл дутмаг. Жишээ нь, 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн үеэр олон улсын аврах багтай хамтран ажилласан манай аврагчид ОХУ-ын аврагчдын цацраг химийн багийг ашиглаж байсныг ч энэ үеэр аврагчид ярьж байлаа.  Мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх автомашины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч удирдлагууддаа уламжиллаа.

ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж  бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг чанартай, хүртээмжтэй, шуурхай зохион байгуулж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгоод урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахын тулд юуны өмнө ард иргэдийг соён гэгээрүүлэх ажил түлхүү зохион байгуулах, мэргэжлийн ур чадвар, бэлэн байдлаа дээшлүүлж ажиллахыг анхааруулж байлаа.   

Мөн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх хүрээнд 70-120 айлын орон сууцны ажлыг эхлүүлээд байгаа юм.  

Онцгой байдлын албаны техник хэрэгслийн хангалт улсын хэмжээнд 30 хувьтай байгаа нь гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд энэ салбарт багаж, техник хэрэгслийн огцом шинэчлэлт зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна, энэ ч үүднээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан хүн амын нягтрал, төвлөрлийг харгалзан аврах, гал унтраах  ангийн иж бүрэн барилгыг шинээр барих, байгуулах (тус бүр 10 айлын орон сууц бүхий), аврах шуурхай бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

А.Баярмаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top