Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Филиппин улсаас эрэн сурвалжлагдаж байгаа Т.Аятунгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс манай сурвалжлагч цөөн зүйл тодруулсан юм.
- Сүүлийн үед өөрийг чинь интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл тархах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
- Миний тухай ойрын хэд хоног ор үндэслэлгүй худал мэдээлэл гарсан. Намайг ингэж муухайгаар бичсэнд эмзэглэж, гомдож байна. Гэхдээ энэ бүхэн таван сартай охиноо алдсны дэргэд юу ч биш байна. Үнэн зөв мэдээллийг хүргэхийн зэрэгцээ нэг зүйлийг гуйх гэж ирсэн байгаа. Би таван сар гарантай Тэргэлсар охиноо дагуулаад аавтай нь амьдрахаар Филипин улс руу ээжтэйгээ явсан. Яваад хоёр сар болж байхад буюу 11-р сарын 5-ны өдөр хөхнөөсөө ч гараагүй байсан таван сартай охиноо хулгайд алдсан. Өнөөдөр би охиноо алдаад 106 хоног болсон байна. Охиноо өнөөдөр эрүүл, амьд эсэхийг ч мэдэхгүй байна. Намайг Филиппинд очиход гадаад пасспорт бусад холбоо барих хэрэгслийг байхгүй болгосон. Охиноо хулгайд алдснаас хэд хоногийн дараа Монголын өргөмжит консулын газарт хандсан. Улмаар тус улсын цагдаагийн газартай хамтарч охиныг минь хайх ажлыг эхлүүлсэн ч дорвитой шийдвэр гарахгүй байсаар 11-р сарын 30-ны өдөр травэл документ буюу буцах түр үнэмлэхээр Монголдоо ээжтэйгээ хамт гэрээсээ гарахдаа өмссөн хувцастайгаа ирсэн.
- н.Тэргэлсаран охин тань хаана төрсөн бэ?
- Монголд төрсөн. Монгол улсын иргэн. Өнөөдөр миний охин дөнгөж 9 сар гарантай. Миний охиныг олж өгөхөд чин сэтгэлээсээ туслаарай, хамтарч ажилаарай гэж гуйж байна.
Охины минь төрсний гэрчилгээг анх надаас авчихсан байсан. Надад эргүүлж өгөөгүй. Би эргэж ирээд хуулбарыг нь Иргэний бүртгэлийн газраас авсан.
- Хууль хяналтын байгууллагад хандсан уу?
- Монголд ирээд ГХЯ, Мөрдөн байцаах газар, ТББ-ууд, ХҮЭК зэрэг олон байгууллагад хандсан. Өнөөдрийг хүртэлохины минь талаар сураг гараагүй. Тэгсэн хэрнээ би өөрөө гүтгэгдээд, доромжлогдоод явж байна. Намайг хүчгүйдүүлэхгэсэн арга байх гэж бодож байна. Би хүүхдээ олж авах хүртлээ эрлээ зогсоохгүй. Миний охиныг олох ажил дээр хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
- Охины тань эцэг аль улсын иргэн бэ?
- Филиппин хүн биш. Яг аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй. Яагаад гэвэл маш олон улсын иргэншилтэй хүн.
Хүүхдийнхээ эцэг болон өөрийнхөө талаар би мэдээлэл өгмөөргүй байна. Эрүүгийн хэрэг үүсээд, хуулийн ажиллагаа явагдаж байгаа.
- Гарал угсаа нь?
- Китэ Невис.
- Нөхөртэйгээ ямар хэлээр харьцдаг байсан бэ?
- Мэдээж англи.
- Интерполээр эрэн сурвалжлагдаж байгаагаа хэзээ мэдсэн бэ?
- Найз маань надад анх намайг интерполд бүртгэлтэй байна гэж Фэйсбүүкт тавьчихсан байна гэж хэлсэн. Би зүв зүгээр байж байгаад, өөрөө хохирогч байж, яагаад ингэж гүжирдүүлж байгаагаа мэдэхгүй байна. Би хүүхдээ олж авахын төлөө чадах бүхнээ хийнэ. Намайг хилээр гаргахгүй байх гэж манай хүүхдийн аав ийм ажиллагаа явуулсан байх гэж бодож байна. Гэхдээ би тэр хүнийг буруутгах гээгүй.
- Гэхдээ хуулийн байгууллагаас өөрийн тань интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдсэн үү?
- Тэр мэдээллийг гарснаас хойш Монголын консулын газар, Сингапур дахь элчин сайдын яамаас ийм юм ирсэн гэж хэлсэн. Гэхдээ прокурорын газраас анхан шатны шүүхэд шилжүүлэхийг хүссэн хүсэмжлэл гэж надад хэлсэн. Тэрнээс яг албан ёсоор энэ хүн ийм хэрэг хийсэн, түүнийх нь дагуу эрэн сурвалжилж байна гэсэн юм бол байхгүй. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагуудаас нь авах боломжтой.
- Хүүхдийг тань хулгайлсан тэр өдөр юу болсон юм бэ?
- Бид гурав байхад “ Гарчихаад ирье” гээд хүүхэд тэврээд гарсан. Тэр чигээрээ ирээгүй. Надаас зугтсан. Би Филиппинд хандаж болох бүх газар хандаж 20 өдөр хүлээсэн. Миний визний хугацаа дууссан болохоор өргөмжит консулд хандаад байгаа.
- Нөхөртэйгээ харьцаа хэвийн байсан уу? Маргасан зүйл байгаа юу?
- Хэвийн байсан. Гэхдээ би бас өөрөө гайхаж байна. Хүүхдээ өөр дээрээ байлгаад, ганцаараа өсгөх гэж байсан юм бол яагаад Монголд байхад хэлээгүй юм, яагаад заавал харьд ийм байдалд оруулж байгаа юм бол?
- Охиныхоо эцэгтэй гэрлэсэн гэрлэлт хуурамч байсан гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
- Гэрлэлтийн гэрчилгээ өгөөгүй. Зүгээр ёслол болсон.
- Таны ээжийг Б.Солонго гэдэг үү?
- Тийм.
- Ээжтэй чинь цуг эрэн сурвалжилж байгаа юм байна. Та үүнийг мэдэж байгаа юу?
- Харин тийм гэсэн.
- Та өрөийгөө тус сайтад байршсныг харсан уу?
- Хараагүй.
- Интерполоор таныг ээжтэй чинь хамт хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж байсан. Үүнд та албан ёсны тайлбар хийхгүй юу?
- Би өнөөдөр хүүхдээ алдсан эх хүн, хохирогч байхад яагаад эрэн сурвалжлагдаж байгааг ойлгохгүй, гайхаж байна. Үүний учрыг Монголын хуулийн байгууллага олох байлгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг тэднээс олж мэдэж болно.
- Охины тань эцэг Монголд хөрөнгө оруулалтын ажлаар ирсэн гэсэн. Яг ямар компанид хөрөнгө оруулсан? Юу хийдэг хүн юм бэ?
- Тэр хүний хувийн бизнесийн талаар би дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Яагаад гэвэл тэр хүн надаас ихийг нуудаг байсан.
- Охины таны эцэг хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
- Мэдэхгүй. Үнэн болгон ялдаг нь байгалийн хууль.
- Баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
haltaruudtai yah gej suudag bnaa estoi*****hvvhen