Монгол улсын иргэн Т.Аятунгаа Филиппин улсад амьдарч байхдаа хүүхдээ алдсан хэмээн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин түүнийг олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг яагаад интерполд хүлээлгэн өгөхгүй байгаа талаар бид ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
- Т.Аятунгааг интерполоор эрэн сурвалжилж байхад Цагдаагийн байгууллага яагаад түүнийг шалгахгүй байна вэ?
- Филиппин улсын хууль хяналтын байгууллагаас Монгол улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээлэл эрэн сурвалжлах сайтад гарсан. Үүнтэй танилцсан. Цагдаагийн байгууллага үүн дээр тайлбар өгөхгүй. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн II бүлгийн Хүний эрх, эрх чөлөөний бүлэгт “Өөрийн орны иргэдээ гадаад оронд Эрүүгийн хуулиар шийтгүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасан байгаа. Тэгэхээр Монгол улсын иргэн гадаад улсад гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд манай улс иргэнээ барьж өгөөд гадаад улсад шийтгүүлэхээр өгөх хууль, эрх зүйн үндэс байхгүй.
Хэрэв гадаад орны байгууллага тухайн иргэн гадаад оронд гэмт хэрэг үйлдээд, Монгол улсад орогнож байна гэж үзсэн нөхцөлд Эрүү болон Иргэний журмаар хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулсан бол Эрүүгийн хэрэгтнийг Монголын талд хүлээлгэн өгнө. Монгол улсын хуулинд тухайн иргэн гадаад оронд үйлдсэн хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж хуулинд заасан, ийм тохирч байгаа нөхцөлд хуулийн дагуу энэ асуудлыг авч үзээд хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.
Хамтран ажиллах гэрээгүй бол манай улсын хуулийн дагуу асуудлыг тавих ёстой. Энэ нь манай улсын хуульд нийцэж байгаа эсэхийг хуулийн байгууллага шалгаад эргээд хариуг нь өгдөг журамтай.
Тэгэхээр Монгол улсын иргэнийг гадаад оронд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу шийтгүүлэхээр манай улс иргэнээ хүлээлгэж өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.
- Т.Аятунгааг хэзээнээс интерполоор эрэн сурвалжилж байгаа вэ?
- Хоёр сараас хойш энэ мэдээлэл интерполын сайтад тавигдсан.
- Т.Аятунгаа Монгол улсын цагдаа, хуулийн байгууллагад хандсан гэсэн. Энэ үнэн үү?
- Иргэн бүрт цагдаа, хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Одоогоор цагдаад хандсан гэсэн мэдээлэл байхгүй.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )