Хэвлийдээ бүрэлдмэгц надтай шүтэн барилдаж
Хэвтэж амрах чөлөөгүй намайг зорин тэмүүлсэн
Үхэл чамайг би хадаг барин тосно
Үнэн сэтгэлээсээ баярлан угтана
Ээжийнхээ дараа л орвол өнөө маргааш хамаагүй
Эмгэг өвчин хийгээд зуурдаар тонилох ялгаагүй
Ирсэн шигээ байгалдаа гар хоосон буцаад
Илүү дутуу гоёлгүй мөнхийн амгаланг олно
Өрөөлийн үхэл миний орчлонд мэндлэх шалтгаан болсон
Өөрөө би бусдад хорвоод төрөх орон зай гаргана
Өч төчнөөн амийг сүйтгэж амьдарсныхаа хариуд
Өт хорхой хооллохыг үүргээ гэж үзнэ
Биеийг минь тэд идсээр өсч үржих нь дамжиггүй
Бичил ертөнцийн шим болж ургамлын үндэс тэжээнэ
Өвс ногоо харин амьд бодгаль бүхний
Өнөд оршин тогтнох нөхцөл юугий нь бүрдүүлнэ
Амьд бодисын гинжин хэлхээ тасрахгүй
Амь нас минь тийнхүү зүсээ хувилган үргэлжилнэ
Аугаа байгаль ээжээсээ зээлсэн бүхнээ буцааж
Аварга мөнхийн хүрдний хөдөлгөгч хүч болно
Амьд явахын утга учир үхэл чамд л байдаг
Аз жаргал гэдэг маань ч чамтай учрахын нэр мөн
Өчүүхэн ч гэсэн өвөө үлдээж, мөрөө гаргалаа
Өөр юу ч хэрэггүй, нам гүмийг л мөрөөднөм
Цэцэн тэнэг хийгээд баян ядууг ялгадаггүй
Цэх шударга зангийг тань даанч их хайрладаг
Зоргоор шүлэгч зүрхэндээ нэг насаараа тээсэн
Зовлон хэмээх ачаагаа чам дээр буулгаж амрана
Үнэндээ чи намайг тамд хүргэж өгөхгүй
Үгүй хоосон диваажинг би тоож шиншихгүй
Үхэл чи миний төгсгөл ч болж чадахгүй
Үүрд амгалан оршихуйн гэрэлт эхлэл болно оо
До.Болдхуяг Хөх хот 2011 он

Сэтгэгдэл ( 3 )
Ямар гоё шүлэг вэ \n
үнэхээр таалагдлаа сүүлийн 2 мөрний давхцал .............\n
Маш их гоё шүлэг