Орон нутаг дахь хөдөлмөрийн асуудал хариуцсан нэгжийг Хөдөлмөрийн сайд удирдана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

-ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ, БОЛОВСРОЛЫН ТУХАЙ  ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА-

 

 

  Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэн баталсан. 

 

 Эдгээр хуулиар дараахь үндсэн асуудлыг зохицуулсан болно. Үүнд:

  1/. Улсын Их Хурал 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулан жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцооны  хөгжлийн асуудлыг тус яамны эрхлэх асуудалд хамааруулсан.

  Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Боловсролын тухай хуулиудад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, ажилтны чиг үүрэгт жижиг, дунд үйлдвэрийн болон, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон чиг үүргийг нэмж тусгалаа.

2/. Орон нутаг дахь хөдөлмөрийн асуудал хариуцсан нэгж Засаг даргын удирдлага дор ажиллаж байгаа одоогийн тогтолцоо нь орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн  удирдлагаар хангах, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй явуулахад хүндрэл учруулж байгаа тул уг нэгжийг Хөдөлмөрийн сайдын удирдлага дор ажиллуулах чиглэлээр өөрчлөлт оруулав. Ингэснээр ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг хангах, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдлагын шат дамжлагыг бууруулахад ач холбогдолтой.

  3/.  Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоог, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бүсийн арга зүйн төвөөс бүрдэхээр шинээр тодорхойллоо.

 Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хэлбэрүүдийг /хосмог сургалт, хөдөлмөр эрхлэлтийн/ нэвтрүүлэх, багшид бакалавр болон түнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг тавьж байсныг өөрчилж,  бакалаврын зэрэггүй боловч мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтан дадлагын сургалтыг явуулж болохтой холбогдсон өөрчлөлтийг тус тус оруулсан.

 

                                  УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн

                                             хэлтсийн зөвлөх Ч.Ариунхур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top