МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс Мартын 8 буюу Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн VIII чуулган “Жинхэнэ ардчилал” сэдвээр 2013 оны 3-р сарын 2-3-нд Чингис зочид буудлын хурлын танхимд явагдах гэж байна.
VIII Чуулганы зорилго нь: Ардчилал, хүний эрх, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх иргэний эрхийг тунхаглан баталгаажуулдаг Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлс, үндсэн зарчмуудыг дэлгэрэнгүй хэлэлцэж, нэгдмэл, гүнзгий ойлголттой болоход хувь нэмэр оруулах;
Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хэвшсэн ардчиллын гажуудал, түүний үр дагавар болсон хүний эрхийн зөрчлүүд, тэгш бус байдал, ядуурал, байгаль орчны доройтлын учир шалтгааныг хүний эрх, жендэрийн тэгш эрхийн зарчимд суурилан шинжилж, засаж арилгах арга замыг хэлэлцэж, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэхэд чиглэж байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс чуулганыг хийж ирсэн гол үндэслэлээ дараах байдлаар тайлбарладаг.
Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгоод 20 гаруй жил өнгөрч буй ч, ардчилсан хүмүүнлэг нийгмийн үзэл санаа, үнэт зүйлс, зарчим нь нийгмийн соёлд гүн нэвчээгүй, улс төрийн институтчилал нь Үндсэн хуульт ардчилсан дэглэмийн амин чухал зарчмуудаас гажсаар ирлээ. Үүний улмаас Монголын ардчилал хэврэг хэвээр, нийгэм‐эдийн засгийн хөгжил нь нийт хүн амд ашиг тусаа өгч чадахгүй, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, улмаар ядуурал газар авсаар байна. Иргэдийн дунд ардчиллын талаарх ойлголт сул тул тэд нийгмийн цөөнхийн эрх ашигт үйлчилж буй улс төрийн бүтэц, хүчнүүдийн бодлого, үйл ажиллагаанд бодитой дүгнэлт өгч, дорвитой тэмцэж, жам ёсны эрхээ нэхэж, эдэлж чадахгүйд хүрч байна.
Түүнчлэн нийт иргэд зах зээлийн эдийн засгийн талаар мэдлэг, туршлага нимгэн байсаар байгаа нь “чөлөөт зах зээл”‐ийн нэрийдлээр нийгмийн тэгш бус байдлыг үүсгэн бэхжүүлж, хөрөнгөлөг хэсэгт давуу үйлчилдэг, хөрөнгө багатай дийлэнхийг мөлжин дарангуйлдаг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын тогтолцоог төрийн механизмаар дамжуулан зөвтгөн бэхжүүлж ирлээ. Улс төр, эдийн засгийн тогтолцооны хос өөрчлөлтийг зэрэгцээ хэрэгжүүлж ирсэн Монголд “ардчилал”, “чөлөөт зах зээл” хэмээх ойлголтуудыг хольж, “зэрлэг капитализм,” нео‐колоничилол, нео‐феодализм зэрэг үзэгдлийг ардчилалтай андуурч ирлээ.
Иргэдээ хүчирхэгжүүлж, зах зээлийг шударгаар зохицуулан ардчиллыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний нийгмийг төлөвшүүлэх үндсэн үүргээ төр хангалттай биелүүлэхгүй байгаа энэ нөхцөлд МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаараа “Жинхэнэ ардчилал” гэж юу болохыг Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс гүн ухааны болон улс төрийн институтчилал талаас нь нийгэм‐эдийн засгийн бүтэц, тогтолцоотой холбон авч үзэхээр зорьж байна гэж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )