Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өнгөрсөн оны 05 сард УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, дэд даргаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар сонгогдон залуусаа дэмжин ажиллахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр НИТХ-ын дэргэдэх нийслэлийн “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах тухай НИТХ-ын дарга Д.Баттулгын захирамж гарч, бүлгийн даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, гишүүдээр нь НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Байдраг, Ц.Баатархүү, Н.Баяраа, Г.Ганхүү, Б.Төмөрчулуун, Г.Төмөрбаатар, С.Үнэн нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор байгуулагдсан байна. Энэхүү “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн зорилго нь НИТХ түүний тэргүүлэгчдээс гарах хууль, тогтоол, шийдвэрүүдэд нийслэлийн залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, саналыг тусгуулах, тогтоолын төслүүдийг боловсруулах, өргөн барих зэрэг ажлуудыг хуулийн хүрээнд зохион байгуулах, түүнд залуучуудыг өөрсдийг нь татан оролцуулах юм. Ийнхүү нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт залуучуудын дуу хоолой хүрэх боломж илүү нээлттэй боллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )