Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 2 дугаар сар 21-нд болж хуралдаанаар дулааны 5 дугаар цахилгаан станцын газрыг чөлөөлүүлэх тухай, зөвшөөрлийн зөрчилтэй болон зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын талаар авах арга хэмжээний тухай, нийслэл, дүүргийн Засаг дарга нарын зарим захирамжуудыг хүчингүй болгох тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих газрын байршлын талаарх товч танилцуулгыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршил хэмжээг сонгосон бөгөөд энэ газар нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газар юм.
Энэхүү газрыг дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх, эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулах юм.
Энэ байршилд өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК газар эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
Мөн энэ байршлийг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, болон Улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудалтай танилцаад, НИТХ-ын 2012 оны 9 дүгээр сард гарсан ундны усны эх үүсвэрийн тэжээлийн мужид газар олгохыг хориглосон. Тиймээс энэ газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү үнэлгээг үндэслэн дараагийн шийдвэр гаргах ёстой гэж үзлээ.
Зөвшөөрлийн зөрчилтэй барилгуудыг цэгцэлнэ
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж, газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй мөн улсын комисс хүлээж аваагүй барилгын тухай удирдлагын зөвлөлийн гишүүдэд мэдээллээ. НИТХ-ын тогтоол болон, Засаг даргын 2012 оны А 557 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа зөвшөөрлийн зөрчилтэй болон, зөвшөөрөлгүй барилгуудад шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн шалгалтаар зөрчилтэй болон, огт зөвшөөрөлгүй нийтдээ 93 барилга байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс удирдлагын зөвлөлийн хуралдаанд 43 барилгыг Ерөнхий архитектор танилцуулсан юм.
Эдгээр барилгуудын 41 барилга нь батлагдсан зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүй, дулаан, цэвэр бохир усны техникийн нөхцөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт байхгүй зэрэг дутагдалтай байгаа бөгөөд , харин "Авзага трейд", “Тэмүүлэнбаатар” компаниудын орон сууцны барилгууд нь газар эзэмших, барилга барих ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлжээ.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, зөрчилтэй 41 барилгын эздэд зөрчлөө арилгах хугацаа өгч, зөрчлүүдээ арилгасан тохиолдолд барилгаа үргэлжлүүлэн барих зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Огт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан "Авзага трейд" ХХК орон сууцны барилга, “Тэмүүлэнбаатар” компанийн барилгуудыг татан буулгаж, газрыг төр мэдэлдээ буцаан авах ёстой гэж үзэн, энэ асуудлыг зохих хуулийн дагуу зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн зөвшөөрөлгүй болон, зөрчилтэй барилгуудын тоог дахин нэмэгдүүлэхгүй байх талаар шат шатандаа анхаарч ажиллахаас гадна, Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт хот байгуулалтын асуудлыг зохицуулах нийтлэг журмыг ойрын хугацаанд боловсруулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулах хэрэгтэй гэсэн НИТХ-ын дарга Д.Баттулгын саналыг удирдалгын зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )