Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран “Хорооны Иргэний Танхим” төслийг хэрэгжүүлж буй юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд болон тус дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний оролцоо, хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байв.

Сэтгэгдэл ( 0 )