Афганаас холхон бай...

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны эцэс гэхэд Афганистанаас цэргээ гаргаж дуусгана гэдгээ мэдэгдэв. Тэнд байгаа америкийн 66 мянган цэргийн 34 мянгыг нь бүр энэ онд багтаан гаргана гэдгээ хэлэв. Энэ тухайгаа Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерун, Германы канцлер Анжела Меркель нарт мэдэгдэв. Энэ тэгээд манай Монголд ямар хамаатай юм гэж үү ?! Хамаатай байлгүй яахав. Энэ тухай өгүүлье….

Афган бол үнэнхүү хараал хүрсэн газар юм. Байлдая гэхэд байлдаж болдоггүй, хаяад явъя гэхээр явж болдоггүй тийм л ёрын газар. Одоо Афганд энэ дэлхийн хар тамхины хамгийн хүчирхэг сүлжээ, хамгийн хүчирхэг талибын сүлжээ, чадан ядан тогтох Карзайн засгийн газар гурав л байгаа.

Америк хүртэл тэнд “энхийг сахиулж” чадахгүй гарч байна ш дээ. Мөнгө нь хүрэхгүй байгаа юм. Орос чадахгүй, АНУ чадахгүй болохоор тэнд ер нь ямархүү байдгийг хэн ч гэсэн төсөөлнө байх. Одоо америк тэндээс гарч байна…

Заримдаа геополитик бол гашуун тоглоом мэт байдаг. АНУ гарч байгааг энгийн үгээр хэлбэл: Бид үнэхээр дийлэхгүй юм байна, мөнгө ч дууслаа, одоо гарах уу даа, харин Орос, Хятад Та хоёр яахыгаа өөрөө мэд…

Ингээд энэ бүс нутагт “дайны голомт” бэлтгэж өгөөд гараад явчихаж байна. Одоо юу болохов. Одоо Орос, Хятад хоёр үнэнхүү шаналж байна…
Зүгээр байя хувилбар. Энэ ёстой бүтэхгүй. Яагаад гэвэл талибууд ёстой зүгээр байхгүй. Карзайн Засгийн газар хэр удаан тэсэх нь бараг ойлгомжтой асуудал. Бас хар тамхины сүлжээ зүгээр байхгүй. Эргэн тойрны улсууд руу хар тамхи, зэвсгийн наймаа гээд ёстой үзүүлээд өгнө. Нефтийн хоолой дэлбэлэхээс эхлээд тэдэнд “хийх ажил” үй түм байгаа. Орос, Хятад, Иран, тэгээд Дундад Азийн бүх улсуудыг бүгдийг нь үймүүлээд хаяж байгаа юм.

Байлдах хувилбар. Энэ там руу ганцаараа давхиж ордог зоригтой “аавын хүү” гарахгүй. Олуулаа нийлж орох ёстой болох байх. Дашрамд дурдахад АНУ бүрмөсөн гараад явчихаагүй нисэх буудлын сүлжээ, шуурхай бүлгүүд хийгээд олон тооны тусгай объектууд үлдсэн байгаа. Хэрэг гарвал “буцаад ирэх” дэд бүтэц бэлэн байгаа.

Энэ бүс нутагт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж байдаг. Сүүлийн жилүүдэд их эрчимтэй өсч байгаа. Ямар манайхантай адил биш, бодвол үүнийг л харгалзсан биз. Түүнд: Энэтхэг, Орос, Хятад, Дундад Азийн орнууд, Пакистан, Афганистан ордог.

Одоо энэ байгууллагын “нэг гишүүн” оронд “аймаар” үйл явдал болох гэж байна. Тэгвэл яахав ?!

Манайхан Афганд энхийг сахиулаад тун их удаж байгаа. АНУ-ыг байхад энхийг сахиулах нэг өөр. Харин америкийг байхгүйд “энхийг сахиулна” гэвэл ёстой лөөлөө гэж би эртхэн сануулж хэлэх гэсэн юм.

Манайхан тэнд афганы армийн офицеруудыг сургаж байгаа, их буугаар яаж буудахыг нь зааж өглөө, байлдааны хичээл заалаа энэ тэр бол одоо өнгөрсөн хорвоо болсон “хонгорууд” аа. Манайхнаар яаж байлдахаа заалгадаг ганц ч афган байхгүй.

Мөн “ах дүү” хазааруудаа Афганаас Монгол руу авчирна гэсэн улс төрийн хийрхүү суртал нэвтрүүлгээ зогсоо. Афганаас холхон байж үз…
Ер нь цаашдаа бол Монголын удирдагчид “том том” юм ярихдаа хэмжээгээ мэдэж ярьж, үйлдэж байвал би ихэд баярлах байна.
Би одоо бушуухан афганаас цэргээ тат гэж хэлж байна. Яагаад гэвэл аягүй бол Та нар энхийг сахиулна гээд ганцаараа үлдчихэж мэдэх тэнэг улс.

“Энхийг сахиулна” гэж хөөрч байгаад афган пацаанд акадуулчихвал дэмий ш дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top