Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг “хална”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Ойрын хугацаанд 100 орчим сургууль, цэцэрлэгийн удирдлагыг ажлаас чөлөөлөх ажээ. Өөрөөр хэлбэл 64 сургууль, цэцэрлэгийн удирдлага сонгон шалгаруулалтгүйгээр, хууль зөрчиж томилогдсон байна. Мөн нийслэийн Боловсролын газраас сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулдаг ч тодруулсан хүмүүсийг томилдоггүй. Нөгөө талаас сул ажлын байр гарахад Дүүргийн засаг дарга захирал эрхлэгчид захиалгаа нийслэлийн Боловсролын газарт өгдөггүй байжээ. Мөн Боловсролын тухай хууль шинэлэгдэж  Нийслэлийн засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг томилдог болсон нь сонгон шалгаруулалт явуулах бас нэг  шалтгаан болжээ.

Харин одоо сонгон шалгаруулалтыг нийслэлийн Боловсролын газар зохион байгуулж Нийслэлийн засаг дарга тэнцсэн нэр дэвшигчдийг батламжлах юм байна. Ингэхийн тулд одоо ажлаа хийж байгаа 27 сургуулийн захирал, 64 цэцэрлэгийн эрхлэгчдийг ажлаас нь чөлөөлөх болчихоод байгаа юм. Ингээд сул ажлын байр гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн ажлын байранд сонгон шалгаруулах аж.  Журмаар бол нэр дэвшигчдээс гурван төрлийн шалгалтыг авна. Нэгдүгээрт төрийн албан хаагчдаас авдаг нийтлэг сорилын шалгалт. Нэр дэвшигч 40 асуултын 25 ба түүнээс дээш асуултад зөв хариулсан бол дараагийн шалгалтад тэнцэх юм байна. Шалгалтын хоёрдугаар шат нь нэр дэвшигч тухайн цэцэрлэг, сургууль дээр нээлттэй хичээл заах аж. Энэ шалгалтын гол онцлог нь эцэг эхчүүдэд нээлттэй. Ингэхийн тулд гурваас  доошгүй хоногийн өмнө эцэг эхэд зар хүргэнэ. Хүссэн эцэг эх оролцоод зогсохгүй тухайн нэр дэвшигчид дүн тавих бололцоотой. Мэдээж нөгөө талаас мэргэжлийн баг заах аргын шалгалтад оролцоно. Эцэг эх болон шалгалтын багийн нийлбэр оноогоор хоёрдугаар шатны шалгалтыг дүгнэх юм. Харин гуравдахь шалгалт нь нэр дэвшигч тухайн сургууль, цэцэрлэгийг хэрхэн хөгжүүлэх талаараа дунд хугацаа, урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулна. Мөн удирдагч хүнд байх чанар, хүүхэд шуугисан их өргөөний эзэн байж чадах эсэхийг нь ярилцлагаар шалгах юм. Ингээд нийт шалгалтын дүнгээр 100 оноо 65 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч тэнцсэнд тооцох юм байна. Журмын дагуу хоёроос доошгүй нэр дэвшигчийг нийслэлийн Засаг даргад санал болгох аж.

Сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг сонгон шалгаруулах журамд орсон шинэ зүйл бол гурван төрлийн шалгалтыг гурван өөр ажлын хэсэг авах аж.Сорилын шалгалтыг нийслэлийн Боловсролын газраас томилогдсон ажлын хэсэг авах юм байна. Заах арга, ур чадварын шалгалтыг НБГ-ын арга зүйчид, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн болон бусад мэргэжлийн байгууллага, эцэх эхийн төлөөлөөс бүрдсэн бүрэлдэхүүн шалгана. Харин хөтөлбөр, ярилцлагын шалгалтын ажлын хэсэгт НБГ, дүүргүүдийн боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн болон эцэг эхийн төлөөлөөс бүрдсэн таваас доошгүй гишүүн багтах юм байна. Энэхүү шалгаруулалт нь иргэдийн оролцоонд тулгуурлаж явагдах болохоор ямар нэг “но” орлоо гэх хар байхгүйг тодотгож байна. Эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл болон комиссын гишүүдийг хүртэл ашиг сонирхлын зөрчилгүй байлгах үүднээс тухайн нэр дэвшигчтэй холбоотой эсэх талаар нь мэдүүлэг авч байж ажлын хэсэгт оруулах юм байна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, багшлах эрхтэй, заах арга зүй сайтай, санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн ЕБС, СӨБ-ын багшийн мэргэжилтэй байх, үүнийгээ дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэргээрээ нотлох ёстой юм байна. Мэдээж тавигдах шаардлагад удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах чадвар оржээ.

Одоогоор төрийн өмчийн 122 ЕБС, 190 цэцэрлэг ажиллаж байгаа. Сонгон шалгаруулалтаар нэгдүгээрт эдгээр сургууль, цэцэрлэгийн хууль зөрчиж томилогдсон захирлуудыг солино. Хоёрт, шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилох үүднээс энэ ажлыг зохион явуулах юм. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн ажлын байранд шинээр хүн томилохоор болжээ.

Цаашдаа Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулна. Уг нь ийм журам байсан. Бас л биелүүлдэггүй, хэрэгжүүлдэггүй байжээ. Аттестачлалын дүнгээр хангалтгүй дүн авсан сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг солих юм байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа удирдлагуудад арга хэмжээ авч ажлын байртай нь ярих юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top