Ганцхан долоо хоногийн дотор монголчуудын танил болоод байгаа Т.Аятунгаа бүсгүйн нөхөр Чарльз Эдвард Эргэн гэгч монголд компани байгуулахдаа нэр нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэгийг авсан байх магадлалтай болоод байна. Хэдийгээр Т.Аятунгаа нөхрийнхөө монгол дахь бизнесийн талаар, ер нь л нөхрийнхөө талаар юу ч мэдэхгүй гээд байсан ч, Чарльз Эдвард Эргэнийг улстөр, бизнесийнхэнтэй холбоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь Т.Аятунгаа өөрөө гэх мэдээлэл ч байгаа юм. Ямарч байсан түүний хүүхдийн эцэг Чарльз Эргэн гэгч нь УИХ-ын гишүүн О.Содбилэг, НАМЗХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа нартай танилын болоод ажлын шугамаар ойр болох нь баримтаар тогтоогдоод байгаа тухай мэдээллүүд хэвлэлээр гарах болж.
Түүнчлэн Чарльз Эдвард Эргэний монголд байгуулсан “GNI Inc” компани нь хөрөнгө оруулалтын компани гэх нэрийн дор гадаадаас их хэмжээний мөнгийг Монгол руу оруулж ирдэг ч, энд ямар нэг үйлдвэрлэлд, компанид хөрөнгө оруулах бус “угаах” зорилготой байдаг гэх мэдээлэл бий. Харин энэхүү үйлдэлд нь манай нэр бүхий эрхмүүд оролцсон байх магадлалтай байгаа аж. Ер нь бол түүний монголд байгуулсан “GNI Inc” компанийн ард манай нөхдүүдээс нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй байна.
Тус компани 2012 оны 6 сарын 11-нд Монгол Улсад бүртгүүлэхээсээ сар хүрэхгүй хугацааны өмнө буюу 2012 оны 5 сарын 16-нд Хонконгд байгуулагдсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ нь Монголд компани байгуулахын тулд ямар ч байсан Хонконгд билэг тэмдгийн чанартай компаниа байгуулах ёстой гэж үзсэний үндсэн дээр хийгдсэн байж болзошгүй юм. Ер нь “GNI Inc” гэдэг нь Хонконгд сураггүй компани гэхэд болох бөгөөд тэндэх байршил нь Miramar Tower-ийн 10 дугаар давхарт 101 тоотод гэж бүртгүүлжээ.
Ямартаа ч “GNI Inc” компанийн зүгээс өөрсдийгөө ихэд томоор хэлж ярьдаг юм байна. Тус компанийн хувьд өөрсдийгөө Монгол улсын эдийн засгийн хэтийн төлвийг харгалзан үзсэн, гадаадын хөрөнгө оруулагчдад аюулгүй стратеги боловсруулахад нь туслалцаа үзүүлэх үндэстэн дамнасан корпораци гэж тодотгосон байна. Тухайлбал, шинэ тутам үүсэн хөгжиж байгаа зах зээл дээр өөрийн байр суурийг бий болгож хөрөнгөө өсгөж, зах зээлийн шинэ боломжуудыг нээж, бүтээгдэхүүнээ таниулж тогтвортой үйл ажиллагаа явуулах стратегийн боломжуудыг судалж санал болгох зорилготой гэнэ. Бас компанийн багаа туршлагатай гэж тодотгоод бизнесийн орчинд үйл ажиллагаагаа амжилттай эхэлж баялаг бүтээж, хөрөнгөө хамгаалахад шаардагдах эрсдлийн үнэлгээ болон бусад судалгаа түүнчлэн зах зээлийн гүнд нь нэвтэрч хийх судалгааг бизнесийн аль ч салбарт хийж өгнө гэж өөрсдийгөө магтжээ.
Мөн уул уурхай, тээвэр, барилга болон үл хөдлөх хөрөнгө, технологи болон харилцаа холбоо, банк бөрөнгийн зах зээл гэсэн салбаруудын талаар ерөнхий дүгнэлт танилцуулга бэлтгэх, зөвлөгөө өгөх. “Шинэ талбар” буюу Монгол улсын зах зээлийн боломжийн талаарх танилцуулга бэлтгэдэг гэсэн байна.
Тэгээд зогсохгүй нүүрс, алт, зэсийн уурхайд хөрөнгө оруулах стратеги боловсруулж байгаа аж. Бүр Монгол Улс газар нутгийн хувьд томоохон хэдий ч, далайд гарцгүйгээс ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлага тулгарч байгааг олж харсан тэд ложистикийн, тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж их хэмжээний эрдсийн бүтээгдэхүүнийг экспортлоход хуурай замын, төмөр замын, агаарын тээврийн үйлчилгээгээр хангах боломжтой гэж мэдэгджээ.
Мөн банк, үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон барилгын салбарын талаар судалгаа хийж дээрх салбарын хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулж чадах шинжээчдийн багтай гэсэн байна.
Бас технологийн шинжээчид нь Монголын технологийн салбарт нэлээд жинтэй судалгаа хийсэн бөгөөд мэдээлэл харилцааны салбарын шинжээчдийн баг нь дэлхий дахины томоохон корпорациудтай зөвлөлдсөний үндсэн дээр харилцаа холбооны болон мэдээллийн аюулгүй байдлын системийг байнга боловсронгуй болгож байдаг гэжээ.
Мөн үйл ажиллагаагаараа дэлхийд 2 дугаарт орох Монголын Хөрөнгийн Биржид хөрөнгө оруулалт хийхэд үйл ажиллагаа эхлэхийн өмнөх зөвлөгөө өгөх, санхүүгийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ гэж өөрсдийн үйл ажиллагаагаа тодорхойлжээ.
Тэгэхээр Чарльз Эдвард Эргэн гэгчийн Монголд байгуулсан компанийн үйл ажиллагааны цар хүрээг харахад үнэхээр жижиг гэж хэлэхийн арга алга байна. Уул, уурхай, үл хөдлөх хөрөнгө, банк, барилга, мэдээлэл харилцаа холбоо гээд томоохон салбаруудын талаар бүхэл бүтэн шинжээчдийн багуудтай үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани гэж ойлгогдож байна. Гэтэл Т.Аятунгаа бүсгүй интерполоор эрэн сурвалжлагдсан тухай мэдээлэл гарч, улмаар холбогдох мэдээллүүд анхаарал татах болсны дотор энэхүү “GNI Inc” гэх компанийн үйл ажиллагаа ч цэвэр биш байх магадлал өндөр байгаа талаар яригдаад эхэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )