Монгол Улсын иргэн Б гэгч архи ууж, өөрийн ухаанаа алдсан байдалтайгаар Эрээн хотын төв эмнэлэгт хүргэгдэж, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Эрээн хот дахь эх сурвалжаас дахиад нэг харамсалтай мэдээ ирлээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Цагаан сарын баярын дараа буюу саяхан БНХАУ-ын Эрээн хотыг зорьсон монгол залуу бусдын гарт амиа алдсан хэрэг гарч, тус хотын цагдаагийн албан хаагчид хэрэгтнийг баривчлаад байгаа гэнэ.
Эх сурвалжийн өгүүлснийг хүргэвэл: Талийгаач залуу хэрэг гардаг өдөр монгол руу буцах гэж байсан аж. Тэрбээр Хятад жолоочийн таксиг хөлслөн явж байсан бөгөөд тэрхүү такситайгаа буудалласан буудлынхаа үүдэнд ирсэн байна. Тэгээд буудлын өрөөнд орхисон зүйлсээ аваад гараад ирье гээд дотогшоо орсон аж. Ингэхдээ таксины жолоочид төлбөрөө төлөөгүй бөгөөд нэгмөсөн өгөхөөр тохиролцсон байна.
Гэсэн ч тэрбээр буудлаас эргэж гарч ирээгүй нилээд уджээ. Түүнээс үйлчилгээний төлбөр авах ёстой таксины жолооч бараг нэг цагийн хугацаанд тэвчээртэй хүлээсэн ч, гарч ирэхгүй болохоор нь буудал руу явж орсон ч, залуугийн барааг олж хараагүй аж. Тиймээс цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ирж буудлыг нэгжсэн ч монгол залуу байгаагүй гэнэ.
Харин нэгжлэгийн дараа буудлын ойролцоох гудамжинд 40-өөд насны хятад эр тэргэн дээр юм ачаад бүтээчихсэн байдалтай явж байсан нь цагдаа нарын анхааралд өртжээ. Гол нь бүтээлэгнээс нь цус дуссан байдалтай байсан учраас цагдаа нар сэжиглэн шалгахад хүний цогцос байжээ. Гэхдээ цогцсыг яг л мах эвдэж байгаа юм шиг жижиглэсэн байсан гэнэ. Улмаар шалгахад Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн болох нь тогтоогджээ.
Цогцос ачсан тэргийг түрж явсан этгээд нохойн цэг рүү явж байснаа хүлээсэн гэнэ. Ямартай ч ийм мэдээллийг эх сурвалж өгсөн юм.
Тиймээс бид Монголынхоо холбогдох эх сурвалжуудаас тодруулсан юм. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Сайнжаргалтай холбогдож асуухад: Гадаадад гарсан хэргийн талаарх мэдээлэл манайд ирэхгүй. ГХЯ-ны Консулын газраас асуу гэсэн юм.
Харин ГХЯ-ны Консулын газраас тодруулахад: Бидэнд ирсэн мэдээллээр бол эрэгтэй хүн амиа алдсан байна. Гэхдээ энэ талаар хамаагүй мэдээлэл өгч болохгүй байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )