МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосноор төрөөс бүх төрлийн дэмжлэг үзүүлэх давуу эрх олгож байна гэж Зам тээврийн сайд А.Гансүх онцлоод төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд МИАТ компанийг "үндэсний агаарын тээвэрлэгч" хэмээх статустай болгосныг албан ёсоор зарлалаа.
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр манай улс агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа юм.
МИАТ компани одоогоор Боинг 737-800, Боинг 767-300 гэсэн онгоцоор Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж байна. Тус компани ирэх 2015 онд Боинг 767-300, Боинг 737-800 онгоц худалдан авах гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )