Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” арга хэмжээ аравхоёрдугаар сарын 31-нд  21:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл энэ үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Тодруулбал, Чингисийн талбайн баруун, зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20:00-01:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

Мөн Чингисийн талбайн баруун, зүүн талд тээврийн хэрэгслийн зогсоолын талбай бага байдгаас жолооч нар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинуудаа байрлуулсанаас хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул төв талбайн ойролцоо байдаг бүх зогсоолын талбайг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болсон байна. Ингэснээр Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоол зэрэгт машинаа үнэгүй байрлуулж болох юм.

Түүнчлэн Нийтийн тээврийн газраас энэ өдөр шөнийн 01:00 цаг хүртэл 28 автобусаар иргэдэд үйлчлэхээр болсон. Харин улсын дугаарын хязгаарлалт арванхоёрдугаар сарын 30, 3-ны өдөр үйлчлэх бол 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-нд үйлчлэхгүй байх шийдвэр гарчээ. Шинэ жилийн баярын эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top