2015 он:Гурван сая иргэнтэй Монгол

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 02

Монгол хүн амны билгээрээ гэж ярьцгаадаг.   Хоёр оны улирч, угтах зааг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж  хэлсэн үгэндээ “Монголчууд хоёр саяулаа болсноос хойш 27 дахь жилийн босгон дээр гурван сая дахь иргэнээ манай улс өлгийдөн авна. Монголчууд маань ерөөлөөр олуулаа болж байна” хэмээн онцлов.  Үнэхээр ч Монголын үрс маш олон болтугай гэсэн тэр ерөөл, билэгдлээр  бид олуулаа болж байна.

Эх орны иргэн гэдэг үнэт баялаг. Тэр гасалж ганихараад байгаа гадаадын хөрөнгө оруулалтаас чинь илүү үнэ цэнэтэй “капитал”. Олуулаа байх нь улс үндэстний аюулгүй байдлын  бас нэг баталгаа.  Хүн амын тоо наад зах нь таван сая байж  энэ баталгаа хангагдана гэсэн баримжаа багцаа  байдаг  гэнэ лээ.

Мэргэжилтнүүдийн тооцож буйгаар гурван сая дахь “Чингис” маань энэ сард, тэр дундаа өнөө маргаашгүй ирэхээр дуншиж байгаа сурагтай.  Ийн бид 2015 оны босгон дээр гурван саяулаа болох гэж байна. Үүнийг өнөр өтгөн болж өсч үржихийн өлзий гэлтэй.

Урьд нь гарч байсан таамаглалаар 2017 онд гурван сая дахь иргэнээ өлгийдэн авна хэмээн  тооцоолж байсан. Харин тэр хугацаа  хоёр жилээр наашилж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, 2013 онд 80 мянган хүүхэд шинээр мэндэлсэн нь Монгол Улс түүхэндээ хамгийн олон шинэ иргэнээ угтан авсан жил байв. Ер нь манай улсын хүн ам 10 минут 30 секунд тутамд нэг хүнээр нэмэгддэгийг  мэргэжилтнүүд тооцож  тодорхойлжээ. Статистикийн үндэсний хороо Монголын хүн амын өсөлтийг дэлхий нийтэд жишиг болсон  аргачлалаар маш нарийн тооцоолдог юм байна.  

Аливаа бүхэн гурван цагийн хэлхээ холбоонд өрнөдөг. Хэрэв эх түүхийнхээ өнгөрсөн үе рүү эргэн харвал Монголчуудыг мөхөж буй үндэстэн хэмээн гадаад  ертөнцөд тодотгож байсан тэр цаг үе тийм ч холынх биш. Едөө зуугаадхан жилийн өмнөх  явдал. Тодруулбал, 1918 онд Автономит Монгол Улсын хүн ам 542.5 мянга байжээ.  Хагас сая гаруйхан гэсэн үг. Гэвч эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, орших эс оршихуйн тэр зааг ирмэг дээрхи асч дүрэлзсэн он жилүүдэд монголчууд маань цөөдөөгүй билээ. Тэдний маань үр хойч өсч үржиж, эдүгээ зургаа дахин олуулаа болох гэж байгаа нь энэ.  Монголын хүн ам 1962 онд нэг саяд хүрч байжээ. Өөрөөр хэлбэл 1918 оноос хойш бараг хагас зуун жил өнгөрчээ. Харин нэг сая иргэн маань хоёр сая болж бүл нэмэхэд  ердөө л 25 жил  зарцуулжээ.  Монголын хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 11-нд мэндэлж байв.

Шинэ оны эхний энэ намар шиг налгар өдрүүдэд монголчууд удахгүй мэндлэх гурван сая дахь иргэнээ хүлээсэн гэгээн анираар дүүрэн байна. 

Засгийн газар  хуралдаанаараа  гурван сая дахь иргэндээ орон сууц эсвэл  байрны үнэлгээтэй тэнцэх 70 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. Мөн гурван сая дахь иргэний бүх чацуутнуудад гурван сая төгрөг олгохоор шийдвэрлээд байна.  

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан  гурван сая дахь иргэнийг хүлээж авах ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс ажиллаж байна.   

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьцгаадаг. Хүндээ хандсан төрийн бодлогыг  өвгөд маань ингэж тодорхойлж байсан хэрэг.  Монгол хүн л монголоо хөгжүүлнэ, улсаа  улс шиг авч явна.  Олуулаа болох сайхан ч үүнийг дагасан төрийн хариуцлага  бас хамт  нэмэгдэж байх учиртай.  Өнгөрсөн жилүүдийнх шиг, өнөө цаг үеийнх шиг ард түмнээ ядууруулсан, алагчилсан, ямаа малнаас  дорд үздэг, улсаа туйлдуулсан  унхайгүй байдал хэвээр байвал  “хүүхдийн заяа” гомдож мэднэ шүү.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Илгээлтийн-Эзэн(202.72.245.149) 2015 оны 01 сарын 04

Хөдөө суманд амьдрал байна. хүүхдээ төрүүлхэд эмч асуудалгүй.цэцэрлэг,сургууль,цэвэр агаар асуудалгүй.Орлого бага ч гэсэн зарлага бага.гэрээс гараад бухимдалгүй..газар чөлөөтэй .Хөдөө гараад хэдэн хүүхдээ эрүүл орчинд өсгөөд орж ирэх боломж нээлттэй.Суманд багш эмч цэцэрлэгийн багш олдохгүй байна.Залуусаа УБ-ын утаанаас зугтаж эрүүл хүүхэд төрүүлцгээе.И

0  |  0
zorigoo(202.179.11.134) 2015 оны 01 сарын 03

hyn amiin toogoo hamaagyi zarlaad baih hereg baidag uym baihdaa

0  |  0
(103.10.20.34) 2015 оны 01 сарын 02

яасан муу амтай лалрууд вэ 3,,,4 сая болох болтугай Монголчууд

0  |  0
за тэгээд(94.30.211.138) 2015 оны 01 сарын 02

3 саулаа болж байгаа нь сайхан ч 3 саяас хэд нь энэ ертенцед удаахан амьдарч чадах болдоо.амьддаа бие биенээ хайрлая.амьддаа бие биендээ туслая, амьддаа л эхорондоо хайртай, эхорноо сайхан хегжуулье.амьддааа л авилга, урвалт, баяжихын донгоос, албан тушаалын хэнээрхэлээс салья.та минь ээ.

0  |  0
Itgen(95.222.28.189) 2015 оны 01 сарын 02

Ali xediin 3saya daxi irgen tursun bx ychirtai. Agaariin boxirdol.batalgaagui xunsees bolood mash olon nyalxas amigui turj bn. Tur zasag dorivtoi ylsaa gesen bodlogotoi bsn bol ali xediin 3.500.000 bolson bx estoi!!!! Zuvxun uursgiin xalaasaa bodson!!!

0  |  0
зч(103.229.123.93) 2015 оны 01 сарын 02

Тийм л юм бол ажилгүй хүүхдээ харж байгаа эх нартаа олигтой тэтгэмж энэ тэр өг л дөө.

0  |  0
rt(202.126.89.176) 2015 оны 01 сарын 02

Өнгөрсөн жилүүдийнх шиг, өнөө цаг үеийнх шиг ард түмнээ ядууруулсан, алагчилсан, ямаа малнаас дорд үздэг, улсаа туйлдуулсан унхайгүй байдал хэвээр байвал “хүүхдийн заяа” гомдож мэднэ шүү.

0  |  0
rt(202.126.89.176) 2015 оны 01 сарын 02

Welcome.

0  |  0
р(202.126.91.159) 2015 оны 01 сарын 02

\m/

0  |  0
Top