Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болж байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм. Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ. Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )
төрийн захиргааны албан хаагчид зарим эрх нь хязгаарлагдмал байдаг, цалингаас цалингийн хооронд явж байгаад тэтгэвэртээ гардаг, 36 сарын тэтгэмж нь гол хөрөнгө оруулалт болдог шүү дээ. Багш, эмч нар 3 болон 6 жил тутамдаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байгаа шүү дээ. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахдаа л тэтгэмж авдаг. Иймд шударга, тэгш биш байнаа. Төрийн жинхэнэ албан хаагчиддаа 36 сарын тэтгэмжийг нь өгөөчээ. Мөн өмнөх хүмүүс авсан шүү дээ 2015 оноос тэтгэвэрт гарч буй ахмадуудыгаа ялгаварлан үздэг нь буруу юм бишүү. Төрийн жинхэнэ албан хаагч жилдээ 2000 гаруй хүн байдаг гэсэн энэ хэмжээний хүмүүсд 36 сарын тэтгэмж олгоход их хүндрэл учрахгүй шүү дээ. 36 сараар олгож өгөөчээ гуйж байна.
Тэтгэвэрт байгаа төрд ажиллаж байсан хүмүүстээ нөхөн төлбөр өгөхгүй бол 6 сар 36 сар 2-ын хооронд хэтэрхий зөрөөтэй байна даа.