МАХН гэсэн нэрийг хэн нь авах вэ гэдэг асуудал удаж даамжирсаар одоо бүр улс төрийн хошин шог болж хаврын нялх ногоо адил хаа сайгүй ургаж эхэллээ. Алт эрдэнэс бүү хэл хүний амиар ч сольшгүй зүйл бололтой. Хуучин МАХН 26 дугаар их хурлаараа үндсэндээ хоёр хуваагдсан. МАН нэртэй болсон хэсгээ хуучин МАХН гэсэн нэртэй хэвээр үлдэгдсэд нь олигархиуд хэмээн зарлаад байгаа. Аль нь олигархи, аль нь олигархи бишийг ард түмэн, цаг хугацаа хоёр аяндаа шүүгээд өгөх байх. МАХН нь их хурлаа зарлан хийгээд нэрээ бүртгүүлэх гэтэл Дээд шүүх тэдний хүсэлтийг Үндсэн хуулийн Цэц рүү шилжүүлсэн. Цэц нь энэ нэрийн асуудал үндсэн хуультай харшилж буй эсэхийг тогтоохоор болсон юм байх. Гэвч Цэцийн хэлэлцэх хугацаа 60 гаруй хоногоор хэтрээд явчихав. Цэц хэлэлцдэггүй ээ. Тэгтэл МАХН-ын эрээвэр хураавар гишүүд нь судалгаа хийгээд үзэж гэнэ. Хууль яаж зөрчив гээд л судалж өгчээ. Тэгтэл нохой, мууранд ч өгч болох “МАХН” гэсэн нэрийг нэгэн намд өгөх асуудал нь бүхэл бүтэн 22 хуулийн 50 гаруй заалтыг зөрчөөд байгаа юм байх аа. Судалгааны дүн ингэж гарав. Лут юм аа. Гэтэл хүүхдийн эрхийг хэдэн хэлбэрээр, яаж зөрчөөд байгааг тэр хашрууд даанч мэдэхгүй байна. Улс төрийн намаар ялгаварлан гадуурхах үзэгдэл Монголд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг хэрхэн зөрчиж байгааг тэд бүр ч мэдэхгүй. Жинхэнэ шог үзэгдэл ийнхүү хог шиг хөглөрч байгаа нь энэ болов уу. “МАХН” нэртэй нохой хотын гудамжаар явж байвал магадгүй өнөөх эрхмүүд хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандвал цаадуул нь харин ч шуурхай ажиллаж магадгүй ажээ. МАХН гэх энэ нэр лав Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын өмч биш. Гэхдээ иймэрхүү шог үзэгдлүүд цааш хэр удаан үргэлжлэхийг бүү мэд.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )