Х.Баделхан: Баянголын аманд 2000 айлын орон сууц барина

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Төрийн ордонд “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор болж байна. Зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй удирдах ажилтан оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байгаа юм. 

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг нээж Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүллээ. Тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ сайд Х.Баделхан “Улсын хэмжээнд барилгын салбарт 2021 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлаад байна. Мөн “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 2000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөсөн. Нийтдээ Улсын 2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих болно” хэмээн мэдээлэл өглөө.

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааны хүрээнд хот төлөвлөлтийн чиг хандлага, барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, норм, нормативын шинэчлэл зэрэг сэдвээр зөвлөлдөх бөгөөд барилгын салбарынхны санал хүсэлтийг тусгасан зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад хүргээлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top