"Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо", "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" ТББ, "Ногоон хас" иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдээлэл хийв.
Төрийн бус байгууллагуудын мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК руу өдөр шөнөгүй дайрч давшлаад байсан шалтгаан нь тус компаниас мөнгө шантаажилж авч байсан байж магадгүй баримт олдсон гэж мэдээллээ.
Тодруулж хэлбэл, "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн “Л.Наранбаатар нь Гложекс консалтинг компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 350 сая гаруй төгрөг гаргуулах шийдвэр гаргуулж авсан байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэж ярилаа.
Мөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө шантаажилдаг байсан байж магадгүй нь энэ баримтаар дууссангүй, “Coal mongolia-2018” арга хэмжээг зохион байгуулахад “Гложекс консалтинг” ХХК-иар дамжуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 20 мянган ам.доллар авсан гээд хийсэн гэрээг нь олж авснаа сэтгүүлчдэд баримт болгон үзүүллээ. Л.Наранбаатар гэж хүн өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сураггүй байсан. Тэр үед тэмцэгч Бээжин, Жагар нарын иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлж, зохих шаардлага тавьж байсан. Харин дараа нь Л.Наранбаатар гэнэт гарч ирж, хувьцаа ярих болсон нь санамсаргүй зүйл биш байсан байна. Эрдэнэс-тавантолгойтой шүүхээр маргаантай явж байсан, энэ асуудлаа шийдүүлэхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж гэж хардаж байгаагаа хэллээ.
Иргэний хөдөлгөөдийн төлөөлөл эдгээр баримтыг дэлгэсний дараа Л.Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр улс төрд орох, Эрдэнэс тавантолгойгоос мөнгө төгрөг салгах хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж, зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа ч мэдэгдсэн. Мөн цаашид Эрдэнэс тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо 1072 хувцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хувьцааны ногдол ашгийн иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр бэлэн мөнгөөр өгөх үү, нийгмийн хөгжил, том бүтээн байгуулалтад зарцуулах уу гэсэн гурван янзын сонголттойгоор өгөх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдээллээ.
Эх сурвалж: tvnews.mn
Сэтгэгдэл ( 0 )