Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 38 сая ам.долларын зээл олгохоор боллоо. Энэхүү зээлээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг түшиглэн жуулчдыг татах эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар болжээ.
“Аялал жуулчлал бол олон улсын эдийн засагт хамгийн хурдтай хөгжиж буй том салбар. Монгол Улс байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин ахуйгаа түшиглэн энэ том зах зээлийг хөгжүүлэх боломжтой” гэж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Марк Безүжиен ярьжээ.
Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт дурдсанаар 2020 он гэхэд гадаад жуулчдын тоог нэг саяд хүргэн, нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад байгаа юм. Өнгөрсөн жил нийт 529.3 мянган гадаадын жуулчин ирж 2017 оныхоос 11.01 хувиар өссөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )