Албани улсын иргэд даваа гарагаас эхлэн гадагш гарахдаа зөвшөөрөл авах ёстой болж байгаа бөгөөд зөвшөөрлийг мессежээр өгнө гэж РИА Новости агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Зөвшөөрөл авахын тулд тусгай дугаар руу иргэний үнэмлэхийн мэдээллийг илгээх эсвэл тусгай цахим хуудсанд байршуулсан асуулгыг бөглөх ёстой аж. Зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас хойш 24 цагийн дотор олгох бөгөөд нэг цаг хүчин төгөлдөр үйлчилнэ. Ингэхдээ гадагш гарах цагийг 05.00-13.00 цагийн хооронд байхаар тогтоосон байна. Дахин зөвшөөрөл авахын тулд мөн л мессежээр хүсэлт илгээх шаардлагатай.
Гудамжинд явж байхдаа цагдаад зөвшөөрөл олгосон мессежийг үзүүлэх хангалттай бөгөөд зөвшөөрөлгүй гарсан тохиолдол 100 орчим ам.долларын торгууль ногдуулах аж. 13.00 цагаас хойш гадагш гарахыг бүрэн хориглосон энэ шийдвэр тус улсын нутаг дэвсгэрт бүхэлд нь үйлчилж байна.
Энэ бүх арга хэмжээг шинэ төрлийн коронавирусний халдварыг тархалтыг хязгаарлах зорилгоор авч байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад 212 хүн коронавирусээр халдварласнаас 10 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )