ЭМЯ-ны өдөр бүрийн ээлжит хэвлэлийн хурал боллоо.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр /2020.05.25/ нийт 193 хүнд шинжилгээ хийсэн, короновирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн оюутан эдгэрэн гарч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрсэн дөрөв ОХУ-аас ирсэн оюутнууд юм. Ингээд бүртгэгдсэн тохиолдол 141, эдгэрсэн 37 болж, одоо эмчлүүлж байгаа 104 өвчтөн байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн 95, хүндэвтэр хэлбэрийн 9 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.
Сануулахад, Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлажээ. Харин 6 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.
Мөн өнөөдөр болон маргааш ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.
Иргэдээс амралтын газруудад бөөгнөрөл үүсэж, эрсдэлтэй байгаа талаар гомдол гарсан. ЭМЯ-наас амралтын газруудад хүмүүсийг олноор нь нэг өрөөнд оруулахгүй, хоолонд бөөнөөр нь оруулахгүй байхыг анхааруулж байна. Өрөө тасалгааг ариутгаж, хүчин чадлын 50 хувиар ажиллах хэрэгтэйг ЭМЯ-ны мэргэжилтнүүд санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )