Энэтхэг улсад коронавирусний тохиолдол нэмэгдсээр байгаа ч эрх баригчид нь үндэсний хэмжээний хатуу хөл хориог цуцлах шийдвэр гаргахаар боллоо гэж BBC мэдээллээ.
Хөл хориог зогсоохын тулд гурван үе шаттай арга хэмжээ авах аж. Зургаадугаар сарын 8-наас эхлэн сүм, ресторан, зочид буудал, худалдааны төв зэрэг үйлчилгээний газруудыг нээх юм байна. Улмаар нөхцөл байдал гайгүй байна гэж үзвэл долоодугаар сар гэхэд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Гэхдээ коронавирусний тархалт өндөр байгаа муж хотуудын хувьд хөл хориог хэвээр хадгалах аж.
Бямба гарагийн байдлаар тус улсад коронавирусний 8000 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт тохиолдол 174,500 болж, нас баралт 5000 орчим болоод байна. 1.3 тэрбум хүн амтай улсын хувьд бусад орнуудтай харьцуулахад коронавирусний өвчлөлийн хувь бага байгаа юм.
Энэтхэг улс хоёр сарын өмнөөс үндэсний хэмжээний хөл хориог тогтоосноор 37,000-78,000 хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлсэн гэсэн статистик байна. Гэхдээ бусад эдийн засгуудын адил хөл хорио эдийн засагт нь гүнзгий нөлөөлж байна.
Сэтгэгдэл ( 0 )