The New York Times: Монгол Улс вакцинжуулалтаар 12-т эрэмбэлэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

“The New York Times”-ын тавдугаар сарын 10-нд шинэчилсэн дата мэдээллээр Монгол Улсын ковидын эсрэг дархлаажуулалтаар дэлхийд 12 дугаарт жагсаж байна. Тавдугаар сарын 1-нд 19 дүгээрт эрэмбэлэгдэж байсан. Тэгвэл арав хоногийн хугацаанд ийнхүү долоон байраар урагшиллаа.

Улс орнуудад вакцинжуулалтад хамрагдалт эрс ялгаатай байгааг мэдээлэлд онцолсон байна. “The New York Times” уг мэдээллийг Оксфордын Их Сургуулийн “Our World in Data"  судалгаанд  үндэслэн боловсруулжээ.

 

Тодотгоход, вакцины татан авалтад асуудал үүсэж байсан ч хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн дархлаажуулалт өнөөдрийн байдлаар амжилттай явагдаж буйг хүлээн зөвшөөрөх нь зөв биз ээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давж байгаа вакциныг татан авна гэдэг амаргүй зүйл болохыг улс орнууд хэдийнэ хүлээн зөвшөөрцгөөсөн. Израиль, Их Британи, Чили, Америк зэрэг  улс орнууд вакцинжуулалтыг амжилттай өрнүүлж буй ч ихэнх улс орнуудад вакцинжуулалтад хүн амынхаа  10 хувиас бага хэсгийг хамруулж амжаад буйг статистик мэдээллүүд тодорхой харуулж буй.

Ялангуяа хөгжлийн түвшин тааруу улс орнуудын хувьд ковидын вакцин олж авна гэдэг амаргүй байна. Цар тахлыг хумих вакцин олж авна гэдэг улс орнуудын хувьд засаглалыг шалгаж буй шалгуур болж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.  Монголын Засгийн газрын хувьд вакцин татан авах асуудалд зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргаж, ОХУ, БНХАУ, БНЭУ, БНСУ-д үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулж чадсаныг тодотгоё. Түүнчлэн төр, засгийн зүгээс цар тахал өвчнийг даван туулах вакциныг ийнхүү эх орондоо татан авч чадаж буй энэ үед  насанд хүрсэн иргэн бүр ухамсартай байж, дархлаажуулалтад хамрагдах нь чухал байгаа. Цаашлаад 12-18 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах асуудлыг  Засгийн газар анхааран, ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч буй юм.

Улсын хэмжээнд өчигдөр 50.978 хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан. Сүүлийн мэдээллээр  вакцины эхний тунг тариулсан иргэдийн тоо 1.643.030 болсон бол хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо 628.079  болоод байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.237) 2021 оны 05 сарын 11

Hujaa hor

1  |  0
Улаан(64.119.17.20) 2021 оны 05 сарын 11

Энэ байдал ганцхан АН д л таалагдахгүй байгаа юм даа...

0  |  1
Top